Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.11 13:43
22116
Амь наана, там цаана «бензин»-ий домгийн үргэлжлэл

Саяын хэд хоног нийслэл маань шатахууны төлөө дайнд ёстой хөр хөөрцөг боллоо. Өнөө, маргааш ч тэгэх биз. Хоёр хөршөөсөө бензин олж авчрах нь Уул уурхайн яамны, цаашлаад Засгийн үндсэн үүрэг болов. Энэ 2023 оны онцлох үйл явдлын жагсаалтад бензиний төлөө энэхүү үхэлдээн нүүрсний сонсголтойгоо хамт зэрэгцээд орж ирнэ. Тэр тухай өөр нэг өнцөг гаргаж бичье.

“ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцжээ” гэсэн мэдээлэл Монгол-Оросын ЗГХК-ын хурал, эсвэл ОХУ-ын сайд нарын хэн нэгний айлчлалын үеэр байнга яригддаг. Манай нэр хүндтэй сайтууд ийм гарчиг тавиад мэдээлчихдэг. Иргэдээ тайвшруулах, бас эрх баригчдаа магтан ингэж бичдэг тул би шүүрч аваад нөгөө шүүмжлэлт сэдвээ дахин хөндөхөөр зориглолоо.

Монголчууд дэндүү примитив, материаллаг (шуналын дэв үү?), бас дэндүү цамаан, бас тэнэгдүү болсныг шатахууны хомсдлын энэ хэд хоног нэвт харуулсныг хүлээн зөвшөөрч байна. Нийслэлийн түгжрэлийг багасгахын тулд машинаас нь буулгаад хэд хоног явган алхуулчих гэсэн уриа маань агаарт хийсэн алга болсныг бас хүлээн зөвшөөрч байна. Би ялагдлаа, бууж өглөө. Гэхдээ бичихгүй байж болохгүй байна.

Нийслэлийн машины энэ их түгжрэл, утаа, агаарын бохирдолд чинь хахаж бачуурч үхэх гээд бичээд байгаа хэрэг шүү дээ. Хаа нэгтэйгээс уншиж байсансан. Энэ хотын төвийн гудамжнууд чинь 45 мянган машин хөлхүүлэх багтаамжтай гэж. Энэ тоо хуучирсан байж мэдэх боловч лав нэг сая машин (мөд тэр тоонд хүрнэ!) чихэлдэн тэглэж зогс гэж зориулагдаагүй байх. За нэмээд  нэмээд 100 мянгыг нь зөвшөөрчихье гэхэд тэр нь 10 дахин шахуу өсч үржих гэж байхад хотын түгжрэлийн тухай ойрын 50 жилдаа шувтан ярьж үглэж, харааж зүхэж, бас элдэв шийдвэр эрэлхийлж, гэхдээ үр дүнгүй өнгөрөөхөөс аргагүй юм.

Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлэхгүй байгаа тухай бус энэ хотод чинь машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), энэ хотод явж буй нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс!), тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж яваа царай нь тэр юм. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй.

Төр–засаг нь тэднээс гөлөлзөж бензин олж ирэх гэж тарчилж байгааг би шүүмжилсээр байх болно. Гөлөлзөх нь ч мэдээж юм. Учир нь тэднээсээ санал цуглуулж гарч ирдэг учраас. 2024 оны УИХ-ын сонгуулийн босгон дээр яг нүднээ харагдаж байна. Дураар нь их дургиулсны гай гарч ирж байгаа нь тэр юм. Түүнээс бус шатахууны хямрал огтоос биш гэж би үзнэ.

Ийм нэг мэргэн үг бий. Багадаа юугаар гачигдаж дутагдаж өссөн, түүнийгээ том болсон хойноо гүйцээх гэж үхэлддэг! Өнөөдөр машин хөлөглөж яваа, бас түүгээрээ зиндаархдаг, машины үнэ хөлс, хачин чаминг шүтдэг нөхөд бол социализмын үед өөрсдөө, эсвэл аав ээжийнхээ автобусанд суух гэж хамаг товч бүчээ урж тасдуулж, өглөө бүр автобусны 50 ба 20 мөнгөний төлөө яахаас ч буцахгүй явсан үгээгүй ядуу ардын үр хойчис юм.

Ойлгомжтой. Монголчуудын машинтай хэсэг нь яг энэ зовлонг л (насан багын хүслэнгээ хангах гэж!) туулж байна. Зовлон гэдгээ мэдэхгүй, Төрдөө уураа гаргаад, машин дотроо хараал зүхэл хийгээд, машин дотроо олон цаг түгжрээд, тэгээд бүр сурчихсан. Тийм хүмүүсийн үлдэх амьдралын нэлээд хугацаа нь машины кабин дотроо өнгөрөх нь ойлгомжтой боллоо, энэ царайгаараа бол. Үүнийг аз жаргал гэх нь хаашаа юм, явж явж хохь нь л болно доо.

Миний таньдаг нэг нөхөр “Гутлын 22” байрнаас Багшийн дээд орох гэж машинтайгаа гараад (тансаглах гэсэн чинь!) цаг түгжирсэн гэв үү, 2 цаг гэв үү, надаас аман доромжлол амсаж байх юм. Миний сайн танил нэг олигархи нөхөр Жапан таунд амьдардаг. Тансаглаад, зиндаархаад, бас олон мянган доллар зараад хүүхдээ Яармаг дахь Бритиш сургуульд өгчихжээ. Хүүхдээ хүргэж өгөх, буцааж авах гэж үйл тамаа цайдаг гэв. Нэг удаа сургуулиас нь гэр хүртэл явахдаа 4 цаг түгжирчээ. Хөөрхий балчир хүүхэд тансаг жийпнийх нь кабин дотор тарчилж гүйцжээ. Цангалаа, нойр хүрлээ, шээе баая, өөр юу юу гэсэн юм, аав ээж нь төдөн мянган доллараар чамайг сургаж байгаа гэж мянга ухуулаад нэмэргүй, бүр сүүлдээ сургуульдаа явахгүй гэж уцаарлаад, мань хүн хүүхдээ шилжүүлэн авах тухай ярьж, бас надаас туслалцаа хүсч байв. Ковидоос өмнөхөн дөө. Одоо яасныг бүү мэд?

Нэртэйд нь манай энэ олон сайтууд машины түгжрэлийн тухай тусгай булан нээж, ийм зовлонгуудыг өдөр бүр, цаг тутам мэдээлж байвал машинтай тансаглагчдын тархи руу нэг юм орох болов уу, яадаг бол? Тэнэглэснээрээ зөрүүдлээд дуусах болов уу?

Машинаар хоногийн хоол олж иддэг гэсэн ядуусын армийн тухай миний эсрэг улиглахыг би олонтаа сонсож уншиж байлаа. Энэ улс чинь зах зээлийн эдийн засагтай гээд хувийн тэрэгний таксичин-жолооч, лангуу чингэлэгийн худалдагч үй олныг бэлтгэчихлээр хөгжчихдөг юм уу гэх улигт асуултаа би хариу тавья.

Таксичин-жолооч, худалдагчдын хүчээр хөгжиж дэвжиж, дэлхийд цойлж гарч ирсэн нэг ч улс байхгүй! Зах зээл хөгжсөн, өөдтэй өнгөтэй яваа хавь ойрын бүх улс орноо тольдоод үз дээ. Улс нь баян, иргэд нь баян, төрдөө ачаа үүрүүлдэггүй, төр нь цомхон, авилга нэхдэггүй ямар ч улсад очоод үз. Хувийн машины жолооч, худалдагчид, нийтийн хоолны тогооч нар тэр улсдаа цөөнхийн цөөнхи, дэд бүтцийнх нь өчүүхэн хэсэг байдаг юм шүү дээ. Манайд нийгмийн олонхи болчихоод тэр хэрээрээ өсч томрон тэлчлээд байгаа юм яг эсрэгээрээ.

Мэргэжлээ соль оо, даян дэлхий дээр хэдэн түмэн янзын мэргэжил байна, сонголт арвин их байнаа л гэж би бичээд байгаа ухаантай юм. Ялангуяа залууст хандаад. Гар утас маажиж суудаг бол тэр дотор чинь үй түмэн мэргэжил мэдлэг байнаа л гэж бичээд байна.

Хөгжлийнхөө эсрэгээр яваад байгаа тухай би олонтаа бичдэг. Монголд болж бүтэж байгаа нь дэндүү бага байна, болохгүй бүтэхгүй нь дэндүү их байна. Төр–засгийн, хувийн хэвшлийн болж бүтэж байгаа ажил үйлс дэндүү чамлагдаж байна. Болж бүтэж байгаа ажил үйлс гэвэл урлаг уран сайхан, хошин урлаг, нийтийн ба зохиолын дуу, бөх, лам, бөө, гэгээтэй нь хувь хувьсгалын үй олон их дээд сургуулиуд, хэдэн зуун мянган оюутан, ганц хоёр уурхай гэх үү? Дээр нь аж амьдрал сайжирсны дохио сануулга болсон нэг саяас давж буй их төмөр сүрэг гэх үү?

Эх орны баялаг, эх орны валютын сан хөмрөг, ард иргэдийн ахуй амьдралд ачтай тустай ажил үйлс, салбараа нэрлэчих дээ! “Aрд иргэдийн ахуй амьдралд ачтай тустай” гэдэгт би юуны түрүүн 30%-иасаа огцом бууж өгдөггүй нөгөө нэг ядуурлыг нь нэрлэнэ.

“Хийсэн бүтээснийхээ хэрээр хүртэж жарга!”–зах зээл хөгжсөн бүх улс оронд мөрддөг хууль, жам ёс, тоглоомын дүрэм бий шүү. Өөрөө өөртөө зовлонтой амьдрал бүтээчихээд түүнтэйгээ насан туршдаа тэмцэж амьдардаг дадал зуршлаа гээе. 

“Хийсэн бүтээснийхээ хэрээр хүртэж жарга!”–монгол бүх хүн бүгд улс төрч, гишүүн, эзэн, босс, уурхайн захирал болж чадахгүйгээс хойш нийслэл дэх тамын амьдралаа түр солиод, одоо хамгийн ихээр нээлттэй байгаа “Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ” рүү ороод үзнэ үү. Бага зэрэг хичээн зоригловол энэ салбарт мөнгө ба аз жаргал Танд тун ойрхон байна даа.  Хийж бүтээгээгүй хэрнээ жаргах санаатай, тэгээд зам дээр түгжрээд, эсвэл бензин колонкийн гадна олон цаг оочерлоод багтарч үхэцгээхгүй гэвэл энэ зам Таны жаргалын нэг гарц байж болохгүй гэж үү?!