Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.12.11 18:07
2687
Бухын доодхыг харж, үнэг турж үхэхийн үлгэрээр улсаараа явгарах нь Ж.Ганбаатар аа!

Монгол улс шатахууны хувьд ОХУ-аас хараат. Тодруулбал манай улс шатахууны дотоодын хэрэглээнийхээ 96%-ийг ОХУ-аас худалдаж авдаг. Үүний 70 орчим хувийг "Роснефть" компаниас нийлүүлдэг. ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоож байгааг 2023 оны есдүгээр сарын 21-нд зарлаж байв. Үүнээс хойш Засгийн газрын түвшинд ч, салбар хоорондын уулзалт хэлэлцээр ч явагдаж Монгол улс хоригт орохгүй, шатахууны хомстол үүсэхгүй гэдгийг шат шатандаа удаа дараа дурдаж байв.

Харамсалтай нь улсаараа хэдэн сарын хугацаанд АИ-92 автобензин, дизель түлшний хомстолд орж, ШТС-уудын оочир дараалал хэтийдэн өвлийн эхэн сард “гал алдах” эрсдэл үүсэх вий гэдгийг сануулсаар байсан ч салбарын сайд Ж.Ганбаатар нь долоо хоногийн дараа сайжирна, долоо хоногийн өмнөөс сайжраад эхэлсэн гэх мэтээр барин тавин худал хэлсээр өнөөдрийг хүрсэн ч эцэст нь үнэнд гүйцэгдлээ.

Ингэхдээ иргэд рүү бурууг чихээд Засгийн газрын түвшинд мэдэгдэл хийж байх нь, халагламаар! Иргэдийн хэрэглээ ихдээд нийлүүлэлт гүйцэхгүй байгаа болохоос биш хэвийн байгаа шүү та минь ээ. Би харин ч гуйж гуйж та нарыг бензинтэй золгуулаад байгаа юм, би ямар шатахуун үйлдвэрлэдэг ч биш гэж ундууцаж, урваганах нь сайдын түвшинд хэт “жижигдэж” байна гээд хэлчихэд буруудахгүй.

Ж.Ганбаатарыг шатахуун үйлдвэрлээдэх гээгүй. Цаасан дээрх тоо баримт яриад цэцэрхээд, цээжээ дэлдээд зогсохоосоо урьтаад, нөөцөө дуусахаас өмнө зохицуулалт хийж шийдэл ярь, адаглаад аж ахуй гадарладаг хүн шүү би гэж ам ангайхаасаа өмнө ажлаа дөмөгтэйхөн шиг хий л гээд байгаа юм. Угаас урд, хойд хөршөөсөө хараат юм хойно газрын тосны үйлдвэр барих, эрчим хүчний төслүүдээ урагшлуулах ажлаа түргэвчлэхийг л шаардаад буй. Гэвч түүний хоосон яриа, хий амлалтыг харж суусаар улсаараа явгарах аюул нүүрлэв.

Сануулахад, 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар томилогдож, “Төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллаж, улс эх орны эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн ам гарч байв. Өнөөдөр харин түүний ам нь түрүүлж ажилладгийн гайг улсаараа, улны хэдэн иргэд нь л үүрч, дүүрч байна.

Ерөнхийдөө, “Бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэдэг үлгэр биелж байгаа нь энэ гэлтэй.