Австрали улсын засгийн газар цагаачлалын тогтолцоог шинэчлэх бодлогын хүрээнд гадаад оюутнууд болон мэргэжилгүй ажилчдад зориулсан визний журмыг чангатгаж, ирэх хоёр жилийн хугацаанд цагаачдын тоог хоёр дахин бууруулна гэж мэдэгджээ.
Энэхүү шинэчлэлийн бодлогын хүрээнд гадаад оюутнууд англи хэлний шалгалтад өндөр үнэлгээ авах шаардлагатай бөгөөд хоёр дахь удаагийн виз авах хүсэлтийг илүү нягталж оршин суух хугацааг нь сунгана гэжээ.
2022-2023 оны хугацаанд цагаачдын тоо 510,000 хүрсэн нь тус улсад байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. 2024-25 он болон 2025-26 онд энэ тоог 250,000 буюу хоёр дахин бууруулахаар төлөвлөж байгаа аж.
Дотоод хэргийн сайд Клэр О'Нил хэвлэлийнхэнд хийсэн бага хурлын үеэр "Бид шилжилт хөдөлгөөний тоог хэвийн байдалд оруулах төлөвлөгөөтэй" гэж хэлэв.
Харин тус улсын ерөнхий сайд Энтони Албанес өнгөрсөн амралтын өдөр Австралийн цагаачдын тоог тогтвортой түвшинд буцаан бууруулах, мөн өмнөх засгийн газрын бодлогын хүрээнд эвдэгдсэн цагаачлалын бодлогыг буцаан сайжруулахаар ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ.
Австрали улс өнгөрсөн онд жил бүр шилжин суурьшигчдын тоог нэмэгдүүлж, КОВИД 19 тахлын улмаас бизнес эхлэгчдийг дэмжихээр боловсон хүчин болон гадаад оюутнуудад хоёр жилийн оршин суух хугацаа өгч байсан билээ.
Гэвч гадаад ажилчид болон оюутнуудын шилжилт хөдөлгөөн нь тус улсын түрээсийн зах зээлд дарамт учруулж улмаар тус улсад байгаа гэр оронгүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэжээ.
Өнгөрсөн даваа гарагт Сиднейн Морнинг Хералд сонинд хийсэн судалгаагаар иргэдийн 62 хувь нь тус улсын цагаачдын урсгал хэт өндөр байна гэж хариулжээ.
Хүнд хөдөлмөрийн зах зээлд ажилладаг бага ур чадвар бүхий цагаачдын тоог буруулж улмаар өндөр ур чадвар бүхий ажилчдыг нэвтрүүлэх ажлыг хурдасгаж, байнгын оршин суух эрхийг нь жигдрүүлэхээр хичээж ажиллахаа мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор өндөр ур чадвартай ажилчдад зориулсан шинэ тусгай визийг нэг долоо хоногийн дотор боловсруулах юм байна.
Эх сурвалж: Reuters