МАН-ын гал тогооноос эхлүүлээд Засгийн Газрын гал тогоог баздаг, ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бол улс төрийн тогоон дахь хамгийн том тоглогчдын нэг.
Тэрбээр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга хийж явсаар 2016 оноос хойш Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаас гадна 2022 оноос ЗГХЭГ-ын даргаар давхар ажиллаж буй.
Тэгвэл Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдаад буй нь ихээхэн анхаарал татаж байна. Ямартай ч тэрбээр нүүрсний хулгайд холбогдсон асуудалдаа “Намайг Админерал гэх компанитай холбож, гүтгэж байна. Та бүхний хүссэнээр нүүрсчин, авлигачин болчихгүй. Олон хүний эрх ашгийг хөндөж байгаа болохоор гүтгэлэг дайралтад орж байгаа юм байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Ингээд түүний Хөрөнгө орлогын мэдүүлгээс тоймлон хүргэж байна.
Түүний өөрийн орлого 71.1 саяас 421.9 сая болж өсжээ. Харин орон сууц, барилга байгууламжийн тухайд 11 тэрбум 393 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 хашаа байшин, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 3, 1 ферм, 1 авто зогсоолтой аж.
Мөн 120 сая төгрөгийн Mercedes Benz, S400-1 загварын суудлын жижиг машинтай бол, 230 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлжээ.
Мал, аж ахуй: 2019 онд 1 тэрбум 943 саяар үнэлэгдэж байсан малын тоо толгой нь буурч, 1 тэрбум 128 сая төгрөгөөр үнэлэгдэх 817 хонь, 96 адуу, 60 тооны үхэртэй.
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 165,2 сая бол 519 сая төгрөгийн авлагатай байна.
Эзэмших-0.07га-1, Эзэмших-700-1 газартай бол үүнийх нь үнэ 10 сая төгрөг. Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын тухайд “Севен три студи” ХХК, “Соёмбо принтинг” ХХК, “Голомт банк” ХК нараас хувьцаа эзэмшиж, 100%, 30%, 0.003% ногдол хувь авдаг ажээ.