Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.21 15:45
694
Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгаан эрчим хүчийг багахан шиг хязгаарлаад давна

Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нөөц болон өнөөдөр төрийн ордонд тог тасарсан асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр, "Чуулганы хуралдааны үеэр танхимын тог тасарсан, ордны тог тасраагүй. ОХУ-аас цахилгаан хязгаарлаагүй 345MBт-ийг шаардлагатай үед авах гэрээтэй. Гэрээний дагуу ажиллаж байгаа. Энэ өвөл ОХУ-аас цахилгаан эрчим хүчээ бууруулахгүй.

Эрчим хүчний яамнаас төрийн нарийн бичгээр ахлуулсан баг ОХУ-д ажиллаж байна. Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад цахилгааны хэрэглээ 237MBт өссөн.

Зарим оргил ачааллын үеэр 60,70MBт- ийн эх үүсвэрийн дутагдалд орж буй. Энэ үед хэсэгчлэн хязгаарлалт хийж байгаа. Манайд гурван салхин станц бий. Нэг станц нь 150MBт  хүчин чадалтай. Бид аль болох хязгаарлалт хийхгүй байхыг хичээж байгаа ч салхи ихтэй үед болон -35 градусаас давж хүйтэрсэн үед эрчим хүч нийлүүлж чадахгүйд хүрээд байгаа. Тэр үед цахилгаан хязгаарлаж байна. Эрчим хүчний бэлэн байдалд байгаа ч хэрэглээ огцом нэмэгдэж байна. 

Энэ өвлийг багахан шиг хязгаарлаад давна.

Хүйтний эрч буурах үед буюу хоёрдугаар сарын сүүлээр 50MBт- ийн цахилгаан станц Дорнод аймагт холбоно. Арван хоёрдугаар сарын 6-ний өдрөөс эхлэн "Сонгино" дэд цахилгаан станц дээр 80MBт- ийн хүчин чадалтай цахилгаан станц залгасан. 2024 оны дөрөвдүгээр улирлын эхэнд Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орно.

Ингээд ирэх онд энэ оноос 200MBт-аар илүү эх үүсвэрээ нэмэгдүүлнэ.

Дутагдсан тохиолдолд БНХАУ-аас 80MBт хүртэл эх үүсвэрийг говийн бүсдээ оруулахаар хэлэлцсэн. Техникийн холболтыг хийхэд 18 орчим сая доллар хэрэгтэй байгаа. Хөрөнгийг Оюутолгой гаргана. Тендер зарлаад явж байгаа" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: