Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.27 12:39
1458
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ наалгахад татвар, даатгал, торгууль төлсөн байхыг шаардахгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулах ажлыг нийслэлээс эхэлсэн. 

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсэх юм. 

2022 оны жилийн эцсийн байдлаар 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл бий. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм. 

Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх,  аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээллүүдийг харах бүрэн боломж бүрдэж байгаагаас гадна машины хулгайн асуудлаас ч сэргийлэх давуу талууд бий болж байна. 

Тэгвэл тус цахим гэрчилгээг ирэх сарын 1-нээс орон даяар авто машинуудад нааж эхэлнэ. Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ ирж наалгах бөгөөд татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүйг холбогдох албаныхан мэдээлэл өгсөн. Улсын хэмжээнд 1 сая машинд цахим гэрчилгээг олгох төлөвлөгөө гаргаж арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.