Нийгэм
2023.12.30 14:34
2910
“Янмал” брэндийн үүсгэн байгуулагч Даваанямын Лхагважавыг төрийн дээд “АЛТАНГАДАС” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Импортын барааг орлох бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэн дотоодынхоо хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ноосон эдлэлийн кластер үйлдвэрлэлийг бий болгож буй гавьяа зүтгэлийг нь үнэлэн “Янмал” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Даваанямын Лхагважавыг төрийн дээд “АЛТАНГАДАС” одонгоор шагналаа.

Монгол анхны оймсны үйлдвэр болох “Янмал” брэнд нь 2005 оноос өнөөдрийг хүртэл оймс үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа  явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсын оймсны зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байна.

Тус үйлдвэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, монгол ноосны үнэ цэнийг олон улсад таниулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбартаа кластер үйлдвэрлийг хөгжүүлж, улс эх орныхоо эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Д.Лхагважав захиралтай “Янмал” ХХК-ийн нийт ажилтан, албан хаагч, тэдний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.