Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.01.04 07:31
7120
Төр, түмний төлөө бус түрийвчээ түнтийлгэхийн төлөө явсаар ирсэн түүнийг ард түмэн дахин сонгох уу?

Ургийн мод мэт гинжин хэлхээгээр нүүрсний хулгайтай холбогдож буй Сү.Батболдыг Монгол Улсад хийсэн гавьяа гэхээс илүү өөрийн хөрөнгөө өсгөхөд дорвитой анхаарч ирсэн гэдгийг итгэл хүлээлгэж 5 удаа сонгосон сонгогчид ам нэгтэй хэлж байна.

Зөвхөн нүүрсний хулгай бус Тавантолгойн орд,  “Чалко”-гийн  гэрээ гээд олон асуудлууд хөвөрдөг. Хийсэн зүйл байгаа юу? Байгаа. Гэвч бодит байдал дээр иргэдийнхээ боломжоос хумсалсанд ундуйцаж байна.

Ард түмэн түүнд мөнгө, эрх мэдэл, албан тушаалын их далайд хөвөх боломжийг хангалттай олгосон.

Тэрээр Тавантолгойн орд газрыг 2000 онд өөрийн мэдлийн “Алтай холдинг”  компаниараа авч байсан гэгддэг. Түүнээс хойш Тавантолгойг авахын төлөө улстөрд ажилласан болохоос хууль санаачилж, батлуулж явсан түүх түүнд нэг ч үгүй нь сонин.

Тухайлбал 2007 онд Энержи ресурс хэмээх компани байгуулан Тавантолгойн орд газарт эзэн суусан байсан нь араасаа иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг дагуулсан. Энэ тэмцлийн улмаас  2008 онд Энержи ресурсаас Тавантолгойг С.Баярын ЗГ хураан авсан. Үүнийгээ Тавантолгойн орд газрын 96 хувийг улсад авч 4 хөн хувийг нь  Энержи ресурст өгсөн гэж олон нийтийн тархийг угаагаад өнгөрсөн.

Харамсалтай нь, энэ нь Тавантолгойн үндсэн нөөцийн 20 хувь байсныг хэн ч анзаараагүй. Хамгийн ашиг орлоготой хэсгийг Энержи ресурст өгсөн гэм нүгэл Сү.Батболдынх.

МАХН-ын дарга асан Н.Энхбаяр Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орох үеэрээ  "Тавантолгой ордыг МАН талаас М.Энхболдыг төлөөлж Т.Бадамжунай, АН-ыг төлөөлж Ц.Элбэгдорж болон бусад бүлэглэлүүдэд хуваая, та нэгдэх үү" гэж байсан юм гэдэг зүйлийг ярьж байсан нь ч бий... Ингээд бодохоор Сү.Батболд гэдэг хүн төр түмний төлөө бус түрийвчээ түнтийлгэхийн төлөө явсаар иржээ.

Одоо түүнийг ард түмэн дахин сонгох үндэслэл байгаа эсэх нь нэгэнт эргэлзээтэй болсон. Монгол төрөөс халин одлоо гээд асуудал шийдэгдэхгүй, хийсэн гэм бүхний бурууг шүүж хариуцлага хүлээлгэх цаг нь болжээ.....