Нэхэн сануулахад, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэй хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд “үгүй” гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлэн эл суудалд заларч байв.
Одоо түүнээс иргэд эргүүлээд нүдэнд харагдаж, гарт баригдах хийсэн бүтээснийг нь шаардаж байна. Гэхдээ шударга ёсыг тогтоох, 30 жил үргэлжилсэн их хулгай, булайг дэлгэх, улс төрийн тогоон дахь анд нөхөд, ах дүүгээ намнах тийм амар, дардан биш. Л.Оюун-Эрдэнэ өөрөө өртөө эрдэж, эхлүүлсэн үйлийнхээ үрийг хураахаар зүтгэх зуураа бишгүй их дайсан хурааж байгаа ч түүнд одоо сонголт байхгүй гэсэн үг. Бэрх тосгоноос гарсан хүүхэд өнөөдөр Засгийг тэргүүлж, өөрийг нь өсгөж өндийлгөсөн нэгнээ ч авлан байж авлигатай тэмцэж буй.
Хэрэв эхлүүлсэн үйл хэргээсээ няцаж, цуцах аваас ард олон ч, авласан бүхэн нь ч араас нь ноцож, тастаж идэхэд бэлэн анаад сууж байгааг тэр өөрөө ч гадарлаж буй нь мэдээж. Тиймээс ч түүний хэлэх үг, хийх үйлдлийг хэн хүнгүй анхааралтайгаар ажиглан харж байгаа.
Өнгөрсөн онд л гэхэд "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг 11 зорилтын хүрээнд дахин эхлүүлж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялыг чангатгасан. Цаашлаад авлигын дагнасан шүүх байгуулахаар зэхэж, сууриа цутгачихсан. Шүүх байгуулах болсон үндсэн шалтгаан нь авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг Ерөнхий сайд онцолж байгаа.
Ил цагаанаар зарласан энэ дайн ямартай ч авлигын гинжин хэлхээс тасран унах томоохон цохилт болно. Ямартай ч бид хүлээх, бас дэмжих л үлдлээ. Түүнд иргэдийн итгэл байна. Алдах уу, атгах уу гэдгээ тэр шийднэ...