Баян-Өлгийчүүд Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг долдугаар сарын таванаас зургааны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус аймгийн баяр наадмын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр үйлчилгээ, газрын тосны салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан аж.
Наадамд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат сумын заан н.Баянмөнх түрүүлж, аймгийн арслан цол, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн начин Н.Мустафа үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн юм.
Мөн их насны морины уралдаанд тус аймгийн Алтай сумын уяач С.Ханыбекийн хээр түрүүлж, аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхийн халтар морь аман хүзүүдэв. Жороо морины уралдаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уяач Кеншиликийн хүрэн, даганы уралдаанд Баяннуур сумын уяач Досболатын хул, шүдлэнгийн уралдаанд Толбо сумын уяач Темелханы хээр, хязаалангийн уралдаанд Буянт сумын уяач Лхагвасүрэнгийн хээр, соёлонгийн уралдаанд Алтай сумын уяач Нарангэрэлийн буурал, азарганы уралдаанд «Суат» компаний захирал С.Шарипийн азарга түрүүлсэн байна.