Уругвайн Ерөнхийлөгч залуу багаасаа л улстөрийн намд элсэн орж байсан бөгөөд 1960 оны үед “Tupamaros” байсан, одоогийн “Guerrila” бүлэглэлийн гишүүн болжээ. Тэд чинээлэг хүмүүс болон банкнаас мөнгө дээрэмдэн ядууст өгдөг байсан аж. Энэхүү бүлэглэл сүүлдээ үндсэн хуулийн өмнө буруутан болж тэрбээр 14 жил шоронд хоригдож байжээ. 1985 онд тус улсад Ардчилал ялж, өршөөлийн хууль батлагдсанаар тэрбээр суллагдсан байна.
Хосе Мухика Хөдөө аж ахуйн сайд, Сенатчийн албыг хашиж байгаад 2010 оноос хойш Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
- Таныг дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэдэг. Энэ танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
- Хэн нэг нь намайг ядуу хэмээн тодорхойлсон. Харин би “Олон зүйл хэрэгтэй болдог” хүнийг ядуу гэж тодорхойлно. Яагаад гэвэл ийм хүмүүс хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Би бол нарийн, хямгач. Харин ядуу биш. Би эд мөнгөнд шунадаггүй. Өөрт хэрэгтэй жаахан л зүйлээр амьдардаг. Яагаад гэвэл ингэснээрээ би илүү их чөлөөт цагтай болдог. Энэхүү чөлөөт цагаа би дуртай зүйлүүддээ зарцуулдаг. Эрх чөлөө гэдэг бол амьдрах цагтай байх явдал. Хямгач амьдрах нь амьдралын философи. Тиймээс би ядуу биш.
- Та цалингийнхаа 90 хувийг /12.000 ам.доллар/ буяны байгууллага, бичил бизнесийнхэнд зориулдаг гэсэн?
Надад Ерөнхийлөгчийн амьдралаар амьдрах хэв маяг гэж бий. Би өөрт хэрэгтэй мөнгөнөөс илүү ихийг олдог. Гэхдээ энэ нь бусад хүмүүс хангалтгүй л байдаг. Миний эхнэр Сенатч. Тэр намдаа их мөнгө хандивладаг. Гэвч тэндээс үлдсэн мөнгөөр бид хоёр элбэг дэлбэг амьдарчихдаг. Бас банкинд жаахан хэсгийг нь хийдэг.
- Та нэлээд хэдэн жилийг шоронд өнгөрүүлсэн гэсэн. Энэ үеэ эргэн санавал?
- Би их олон жилийг ганцаардал дунд өнгөрүүлсэн. Хүн гэдэг чинь их хүчтэй амьтан. Ялангуяа ял шийтгэл хүртэх үедээ. Өвөг дээдсийн сургаалаар ч юм уу, ядуу тариачин удмын үргэлжлэл би гэдэг хүн их эгэл, бүдүүлэг байж магадгүй. Гэхдээ ухаалаг байхын тулд би олон зүйлийг боддог.
- Жишээлбэл,
- Шоронд хоригдох хугацаа надад их муугаар нөлөөлсөн. Шоронгийн эмч, харгалзагч нар намайг сэтгэлзүйн эмчилгээнд өгөхөөр завддаг байсан. Яагаад гэвэл би хий юм үзэж, сонсдог болчихсон байж билээ. Тэд намайг сэтгэлзүйн эмчилгээнд өгөхөд би өөрийгөө “Үнэхээр галзуурсан юм байна” гэж бодож байлаа. Тэд надад олон эм өгөхөд нь би уудаггүй байсан. Харин эцэст нь тэд надад ном уншихыг зөвшөөрч ном өгсөн юм.
- Шоронд байхдаа юу?
- Долоон жилийн турш надад ном унших нь хориотой байлаа/Тэрбээр 14 жил хоригдсон/. Гэвч тэд дараа нь надад Физик, Химийн ном өгсөн. Энэ үеэс л өөрийн оюун ухаанаараа аливаа зүйлийг бодож боловсруулж эхэлсэн дээ. Тэгээд та надтай уулзаж байна.
- Тэнд маш олон шоргоолж, жоом байсан гэдэг. Та тэднийг яадаг байсан бэ?
- Тэд хоол горьдоод гараад ирдэг байсан. Би долоон мэлхийг зэрэг барьж стакантай усанд хийж сэлэхийг нь хардаг байлаа. Бас шоргоолж хашгирдаг гэдгийг би мэддэг болсон. Ганцаараа байхдаа тэднийг бариад чихэндээ ойртуулахад тэд хашгирч байгаа нь мэдэгддэг юм.
- Уругвай оронтой ойролцоо хөгжил буурай орнуудыг та хөгжих ёстой гэж боддог уу, аль эсвэл үгүй юу. Өсөн нэмэгдэж буй хэрэглээний талаар та юу гэж боддог вэ?
- Би хэрэглээний эсрэг зогсож чадахгүй. Харин хог хаягдлын эсрэг зогсдог. Бид өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст зориулан хоол үйлдвэрлэж, орон гэргүй хүмүүст зориулан гэр барьж, сурж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулж сургууль барих хэрэгтэй. Бид мөн усны асуудлыг шийдэх хэрэгтэй. Хөрөнгөтэй хүн болгон гурав, дөрөв, таван машинтай байх юм бол тэдэнд 400-гаас илүү квадрат метр амьдрах талбай хэрэгтэй болно. Тэгээд далайн эрэг дээрх хаус, түүн рүүгээ онгоцоор явдаг. Ийм байсан ч тэдэнд хангалтгүй л байх болно. Орчин үеийн шинжлэх ухаан бидэнд юу хэлж байна вэ? Хэрвээ дэлхий дээр амьдарч байгаа хүн болгон дундаж Америкчууд шиг хэрэглээтэй амьдрах юм бол бидэнд гурван ч дэлхий хэрэгтэй болох нь маргашгүй баримт юм. Хэрвээ бид энэ хэвээр байгаль дэлхийгээ сүйтгэсээр байх юм бол мөхөх болно.
- Та улс эх орныхоо төлөө юу хийе гэсэн бодолтой байдаг вэ?
- Миний зорилго бол Уругвай улсад шударга бус зүйлийг үгүй болгох. Эмзэг бүлгийнхэнд тусалж, ард түмнээ ирээдүй рүүгээ харахад нь, тийшээ хөдлөхөд нь туслах юм. Ямар ч зүйл богино хугацааных биш, булан бүрт ямар ч ялагч алга. Би диваажин юм уу түүн шиг зүйлийн төлөө тэмүүлэхгүй ээ. Миний зорилго бол олон нийтийн сайн сайхан байдал. Амьдрал үргэлжилсээр байна. Үүнийг бага ч боловч сунгах арга бол хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийх.
Хосе Мухика өөрийн амьдардаг эгэл бор гэр орныг танилцуулж, “Хөдөө аж ахуйн техникийн талаар хичээл ордог сургууль байгуулахыг хүсдэг” талаараа сэтгүүлчид ярьсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн ордонд амьдрахаас татгалзаж, өөрийн өмнө байсан байшиндаа, өмнө нь байсан хөршүүдтэйгээ амьдардаг эгэл даруу нэгэн. Түүнийг хоёр цагдаа, гурван хөлтэй нохой Мануэл нар л хамгаалдаг.
- Ноён Ерөнхийлөгчөө, таны хамт ажилладаг хүмүүс тань таныг ордонд амьдардаггүйд дурамжхан байдаг гэж сонссон. Та ийм шийдвэр гаргасандаа өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
- Би бол бүгд найрамдах үзэлтэн. Энэ үзэл санаа нь хэн нь ч хэнээсээ ялгарахгүй байх гэсэн санаа. Ерөнхийлөгч гэдэг бол бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй, ард түмнээс сонгогдсон өндөр зэрэглэлийн албан тушаалтан. Гэхдээ тэр бол хаан биш, Бурхан ч биш. Тэр бүхнийг мэдэгч биш. Тэр бол иргэдийн төлөө ажиллах зорилготой албат. Түүнийг сольж байх хэрэгтэй. Би дахин сонгуулийн эсрэг байдаг. Бурангуй нийгмийн системийн үлдэгдэл бидний бүгд найрамдах нийгэмд бий. Тиймээс бид улаан хивснээс бууж, хааны хэрэглэдэг зүйлсийг орхих хэрэгтэй. Би ийм хэрэглээнд дургүй. Ер нь Ерөнхийлөгч хүн өөрийн туслах ёстой, төлөөлөл нь болсон тэр ард түмэн шигээ л амьдрах хэрэгтэй гэж боддог юм.
- Та АНУ-ын байр сууринд тааламжгүй ханддаг юм шиг санагддаг. Өмнө нь ч АНУ-ын эсрэг үзэл бодолтой байсан. Яагаад ингэж бодох болов?
- Яагаад гэвэл энэ бол айдас. Маш их айдас. Учир нь тэд “цагдаа”-гийн дүрд тоглож, түүхэндээ олон дайсантай болж байна. Олон дайсантай хүн айдастай байдаг шүү дээ. Ердөө л энэ. Гэхдээ ганцхан АНУ-ыг буруутгаж болохгүй л дээ. АНУ-тай адилхан олон улс байна. Азаар Латин Америкийн улс орнууд хөгжин цэцэглэж байна. АНУ бол маш хурдан хоёр хэлтэй орон болох хэрэгтэй. Латин Америкийн эхийн хэвэл болсон эмэгтэйчүүд удирдлагыг бага багаар гартаа авах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол хүчирхэг, өөрчлөлтийг хийж чадна. Гэхдээ мэдээж үүнд нэлээд цаг хугацаа шаардлагатай.
- Та Үндэсний аюулгүй байдлын агентлаг хүмүүсийг тагнаж байсныг илчилсэн АНУ-ын иргэн Эдвард Сноудений талаар юу гэж боддог вэ. Энэ хэний алдаа вэ?
- Миний бодлоор Үндэсний аюулгүй байдал нь алдаа гаргасан гэж боддог юм. Тэд Эдвард Сноуден төлөвлөгөөнд орсон байсан гэж хэлсэн. Энэ алдаа нь Засгийн газар нь мөн алдаатай бодлого явуулсны үр дүн байх. Нийтээрээ хамт амьдрахад “баталгаа” хэрэгтэй байж л дээ. Гэхдээ тэр нууцыг алдсан хүн Орос юм уу Хятад байсан бол ийм зүйл болохгүй л байсан болов уу.
- Та дан ганц Ерөнхийлөгч биш, сэтгэл судлаач, эрч хүч бэлэглэгч юм. Аз жаргалын нууц нь юунд байдаг гэж боддог вэ?
- Өөрийнхөөрөө амьдрах.
- Тань шиг уу?
- Бүх хүмүүс над шиг амьдрахгүй гэдгийг би мэдэж байна. Би хүмүүсийн эрх чөлөөг хүндэтгэж байна. Гэхдээ хүн зөвхөн өөрийнхөө л эрх чөлөөний дотор амьдардаг.
Би өөрийнхөө дотор хүнтэй ярьдаг. Тэр намайг үхэн үхтэл хамт байх болно. Өөрийнхөөрөө байж, өөртөө ямар нэгэн шалгуур тавихгүй байвал зүгээр. Мөн өөрийн бодсон зүйлээ бусаддаа илэрхийлж байх хэрэгтэй.
Хосе Мухика эхнэр Лусия Тополанскийн хамт.
Хосе Мухика машинаасаа бууж байна
НҮБ-ын индэр дээр үг хэлж байх үеэр
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэр
Ажил дээрээ
Г.Төгөлдөр