Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баян” өндөгний үйлдвэрт 2024 оны нэгдүгээр сарын 12-нд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
“НВЦ” компанийн “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай бөгөөд дотоодын нийт өндөг үйлдвэрлэлийн 50 хувийг дангаараа хангаж байна.
“Баян” өндөгний цогцолбор үйлдвэр нь:
-Өндөглөгчийн болон дэгдээхэйн аж ахуй,
-Бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр,
-Өндөг ариутган, ангилж савлах автомат МОБА машин,
-Өндөг амилуулах инкубатор, шувуу нядалгааны цех,
-Орчин үеийн аппарат хэрэгсэл бүхий хими, микробиологийн лаборатори,
-Шингэн өндөг ариутган боловсруулах цех зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой, бүрэн автомат үйлдвэрийн цогцолбор бөгөөд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан.
2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлж 1.5 сая шувуутай болохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой болох юм.
Тус үйлдвэрийн хамт олон хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тодруулбал, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодоосоо 100 хувь хангах зорилт тавиад буй өндөгний үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн нөү хау, технологийг нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч, үлгэр жишээ хамт олон юм.
“Баян” өндөгний үйлдвэр нь Улсын тэргүүний фермер, МҮХАҮТ-ын дээд шагнал Алтан меркури, Дэлхийн өндөгний холбооны “Алтан өндөг” зэрэг шагналуудыг хүртээд байгаа билээ.