Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.01.18 10:43
2940
2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

Монгол улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоороо “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бол эдүгээ 22 жилийн дараа дээрх үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.

Нийслэл дэх хүн амын хэт төвлөрөл, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн асуудал, орон нутаг дахь ажиллах хүчний хомстол, эдийн засгийн төрөлжилт алдагдаад буй зэрэг харилцан адилгүй байдлыг тэнцвэржүүлэх, хурдацтай хөгжлийг эрчимжүлэхийн тулд Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх нь  зүйтэй гэж, эртэмтэд судлаачид үзсэн байна. Энэ хүрээнд 21 аймгийг газар нутгийн байршил болон бусад хүчин зүйлсийг харгалзан хөгжлийн зургаан бүсэд хуваажээ.

  1. Баруун бүс – Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий
  2. Хойд бүс-Булган, Орхон, Хөвсгөл
  3. Зүүн бүс – Дорнод Сүхбаатар, Хэнтий
  4. Хангайн бүс – Архангай, Баянхонгор, Өвөрхангай
  5. Говийн бүс – Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь,
  6. Төвийн бүс – Дархан –Уул, Сэлэнгэ, Төв

Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг  ирэх сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.  Тус форумын өмнө хөгжлийн бүс тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж, бүсийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу талаа тодорхойлон зөвлөлдөж байна.

Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баруун бүсийн хэлэлцүүлгээр эхэлж байна. Хөгжлийн бүсүүдийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 30 хүртэл хуваарийн дагуу нийслэл Улаанбаатар хотод болох бөгөөд УИХ, Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудын төлөөлөл болон иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, ЭШ-ний байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Статистик мэдээлэл:  

Нийслэлд нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна.

Орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлдэг.

Бодлогын баримт бичгүүд:

УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

Монгол Улсын Засгийн газрын 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах тухай 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 481 дүгээр тогтоол

Бүсчилсэн хөгжил форумын урьдчилсан хэлэлцүүлгийн тухай Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот тогтоол,

Ажлын хэсэг: Форумыг зохион байгуулах Ажлын хэсэг, Монгол  Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулан байгуулсан.