Ярилцлага
2024.01.19 19:30
8404
Ч.Зэгиймаа: Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийн мэдлэг боловсрол энэ улсын оршин тогтнож, хөгжин дэвших цорын ганц арга зам

 

МУЭИС-ийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D),  профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.

-Боловсролын багц хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тэгвэл багц хууль доторх Дээд боловсролын хууль нь Монгол Улсын хөгжлийн эсрэг болсон хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ. Дээд боловсролыг дэмжсэн хууль болж чадсан уу?

-Энэ оноос эхлэн мөрдөх хуулиудын дотор Дээд боловсролын тухай хууль бий.  Тус хууль нь нийгмийн хөгжилд их чухал үүрэгтэй гэж ойлгож байна. Үнэхээр дээд боловсрол нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлдог чухал салбар юм. Аливаа улсын хөгжлийн түвшин дээд боловсролын хөгжлөөр хэмжигдэж, тэр нь нийгмийг чиглүүлэгч, хөдөлгөгч гол хүч болсон. Ялангуяа их сургуулиуд нь шинэ мэдлэгийг бий болгож, түүнийг дамжуулан, шинжлэх ухааны эргэлтэд оруулах замаар хүний амьдралын чанарыг дээшлүүлж, улс орны хөгжлийн болон аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байна. Иймээс л энэ хууль бол их чухал болох нь ойлгомжтой юм.

Энэ чухал тал тус хуульд хэрхэн тусгагдсан гэж та үзэж байна бэ?

-Ер нь аливаа хуулийг хийхдээ эхлээд урьд өмнө байсан хууль тогтоомжийг сайн судалж, юуг, яаж өөрчлөх шаардлагатайг тогтоох ёстой. Дараа нь дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайтар судлах, өөрийн орны онцлог, өвөрмөц байдлыг харгалзан шинжлэх ухаанчаар гаргах шаардлагатай. Харамсалтай нь энэ хууль эдгээр нөхцөлийг төдийлөн харгалзаагүй гэж үзэж болохоор байна.

-Урьд байсан хуулиас дордуулсан байна гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ?

-Сүүлийн жилүүдэд гаргаж байгаа хууль, тогтоол, шийдвэрүүд нь залгамж холбоогүй, урьд өмнө боловсруулагдсан зүйлээс сайн ололттой талыг олж харахгүйгээр огцом өөрчлөхдөө ихээхэн алдаа мадаг гаргаж байгааг энэхүү хуулиас ч харж болно. Тухайлбал, дээд боловсролын байгууллагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэж ангилаад их сургуулиа “Эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага” гэж тодорхойлж байсан. Гэтэл энэ хуульд коллежоор эхэлж, их сургуулийг сургалтын байгууллага гэж тодорхойлсон нь их сургуулийн шинжлэх ухааны статусыг бууруулсан том ухралт гэж үзэж болно.

Өнөөдөр их сургуулийн үүрэг асар өндөр болж байгаа. Ялангуяа судалгааны их сургууль, түүний олон төрөл ангиллууд бий болж, улс орон төдийгүй дэлхий нийтийг хамарсан глобал асуудлыг шийдвэрлэх ганц институт нь судалгааны их сургуулиуд болж байна. Иймээс олон улсын байгууллагууд, хөгжингүй улс орнууд дэлхийн ганц зах зээлд дээр өрсөлдөх дэлхийн түвшний их сургуулиудыг бүхий л талаар нь дэмжин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, их сургуулиуд маш олон төрөл хэлбэртэй болж байна. Монгол Улс ч гэсэн дэлхийн жишгээр зөвхөн магистр, докторын сургалтыг дагнан эрхлэх сургуулийг байгуулсан нь дээд боловсролын салбарын ололт болох талтай. Ингэж төрөлжүүлсэн нь эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд төвлөрөн ажиллах, туршлага хуримтлуулах боломжийг нээж байгаа юм. Цаашид ч дээд боловсролын байгууллагуудыг олон төрөл болгож, түүний онцлогт нийцсэн уян хатан бодлого явуулах нь улс орны хөгжилд тустай.  

-Тэгвэл энэхүү Судалгааны их сургуулийн тухай хэрхэн хуульчилсан юм бол?

-Уг нь УИХ-д “ Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай”, “Дээд боловсролын тухай” гэсэн хуулиуд тус тусдаа өргөн баригдсан. Гэтэл тэнд нэг салгаад, нэг нийлүүлээд бөөн юм болж байгаад нэгтгэсэн. Миний хувьд нэг байна уу, тусдаа байна уу үнэндээ сонин биш. Хамгийн гол нь үзэл баримтлалыг тусгах нь чухал байсан. Гэтэл “ Дээд боловсролын хуульд судалгааны их сургуулийн тухай орсон хоёр гуравхан заалт нь ойлгоход бэрх . Тухайлбал “ Судалгааны их сургуулийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ хуулиар батална” гэж заасан байна. Үүнийг хэн ойлгох юм. Ийм хариуцлагагүй зүйл энэ хуульд их орсон байх жишээтэй.

-Дээд боловсролын байгууллагыг хэтэрхий олон байгаа, чанар муутай, цөөрүүлэх хэрэгтэй гэж их ярьцгаах юм байна шүү дээ?

-Аливаа улсын суралцах насны иргэдийн 15 хүртэлх хувь нь суралцаж байвал “ элит”, 50 хүртэлх хувь нь суралцаж байвал “ массын, 50 дээш хувь нь суралцвал “ бүх нийтийн” гэж дээд боловсролыг тодорхойлж байна. Дэлхийн чиг хандлага бүх нийтийнх болох тал руу явж байна. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил нь хүнийг байнга суралцах, олон төрлийн мэргэжил мэдлэгтэй байж, насан туршдаа суралцахыг шаардаж байгаа. Ийм цаг үед Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийн мэдлэг боловсрол нь л энэ улсын оршин тогтнож, хөгжин дэвших цорын ганц арга зам гэдгийг бид мартах учиргүй юм.

Тоог цөөрүүлэх бол зорилго биш ээ. Үүнийг зах зээл өөрөө зохицуулаад л ирсэн. 1990-ээд оны эхээр 200 хүрч байсан сургуулиудын тоо өнөөдөр 61 болтлоо буурсан нь үүний нэг жишээ. Энэ 61 сургуулийн тал гаруй хувь нь мэргэжилтэн бэлтгэдэг коллежууд. Эдгээр зорилго, чиг үүрэг нь өөр өөр байгууллагуудын онцлогт тохирсон бодлогыг явуулах нь чухал болохоос бүгдийг нь зэрэгцүүлээд нэгэн шалгуураар эрэмбэлэн чансаа тогтоох гэж байж болохгүй л байхгүй юу. Суралцагчдын дийлэнх олонх нь төрийн сургуулиудад байгаа. Ер нь боловсролд чөлөөтэй өрсөлдөх тэгш боломжийг олгож байж л чанарын өөрчлөлт гарна. Дээд боловсролын салбар төрийн болон хувийн хэвшлийн сургуулийг ялгаварлан гадуурхах хандлага маш хүчтэй байгааг нэн яаралтай засан залруулан хэрэгтэй.

-Тэгвэл дээд боловсролыг яаж чанартай болгох бэ?

-Юуны өмнө, дээд боловсролын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ салбараас Монгол Улсын хөгжил шалтгаална гэж бид олонтоо давтаж байгаа нь учиртай юм шүү. Метро барих, авлигыг арилгах, ядуурлыг бууруулах, хөрөнгө оруулалт татна гээд л олон асуудлууд яригдаж байна. Үүнийг хэн зөв оновчтой тодорхойлох вэ. Мэдээж мэдлэг боловсролтой мэргэжилтний баг л хэрэгтэй. Ийм чадвартай мэргэжилтнийг л бэлтгэхийн тулд дээд боловсролыг сэргээх, бэлтгэгдсэн боловсон хүчнийг санал сонсох төдийхнөөр биш, бүрэн дүүрэн ашиглах тал дээр онцгой анхаарах цаг хэдийнээ болсон шүү.

Дээд боловсролын байгууллагыг хөгжүүлье л гэвэл эрдмийн эрх чөлөөг нь л хангах ёстой. Өөрөөр хэлбэл, засаг төр, яам зэрэг байгууллагууд үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох, саад төвөг болохыг хатуу хориглох шаардлагатай.

Харамсалтай нь Дээд боловсролын хуулийг гаргахдаа хамт батлах ёстой байсан дүрэм журам гараагүйгээс тодорхойгүй байдал үүсэж, захиргааны актуудыг дураараа хүчингүй болгож, сургалтын үйл ажиллагааг таслалдуулж, Монголын боловсролын нэр хүндийг гадаадад унагаах үйлдлийг Дээд боловсролын бодлого, зохицуулалтын газраас хийж байгаа нь ихээхэн хорлонтой байна. Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг хууль тогтоомжид нийцүүлж ажиллахгүй байгааг ЗГХЭГ, Хууль зүйн яам анхааралтай авах биз ээ.

-Гадаадад нэр хүнд унах талаар та хэллээ. Яагаад ?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Олон улсын элсэн орсон Конвенцыг даган мөрдөх үүрэгтэй. Мөн Үндсэн хуультай ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж байгаа улс. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх амбиц бас байна. Бид боловсролыг экспортын талаар огт ярихгүй, ойлгохгүй байгаа нь том хоцрогдол юм. Өндөр хөгжсөн улсуудын эдийн засагт боловсролын экспорт ихээхэн том байр суурийг эзэлдэг. Гадаадын иргэдийг татах суралцуулахын төлөө дэлхийд том өрсөлдөөн болж байна. Бид зөвхөн материаллаг зүйлийг л харж, нүүрсний экспортыг л чухалчилсаар. Гэтэл дээд боловсролын экспортод анхаарвал асар их хөрөнгийг бүтээж чадна, босгож чадна.

Дэлхийд өрсөлдөх, үндэсний боловсрол гадаадад тоогдохын тулд бид орчин үеийн салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа их сургуулийн шинжлэх ухааныг дэмжих шаардлагатай. Монголын шинжлэх ухаан, их сургуулийг хөгжилд саадтай дэлхийд байхгүй гажиг бүтцийг засан залруулахгүй бол шинжлэх ухаан ч хөгжихгүй, их сургууль ч хөгжихгүй нь ээ. Шаталсан сургалт, шинжлэх ухаанаа ч ялгахгүй сонин яамтай болчхоод байна шүү.

Өнөөдөр Монголын ямар сургууль ямар замаар, хэрхэн яаж дэлхийд өрсөлдөх вэ. Бодлого байна уу. Үгүй гэж би хэлнэ. Урт хугацааны хөгжлийн бодлогод том том зорилго бичсэн ч хэрэгжүүлэх арга зам нь тодорхой биш, хуулбарласан, тунхагласан шинжтэй, түүнийгээ ч ойлгохгүй янзтай л бид байна шүү дээ.

Өөр хоорондоо л , төр, хувийнхаар л дов жалга дээрээ “өрсөлдөхөөс” өөрцгүй л байна. Бие биетэйгээ “байлдаж”, бусдыг дуурайх гэсээр хөгжлөөс хоцорч уруудан доройтож байна. Одоо зогсох хэрэгтэй. Монгол “тархи”- ийг эрхэмлэн хүндэтгэж, ямар нэг л “ лугаа” хөгжих биш,  өөрийн замаар хөгжмөөр байна.

Ярилцсан М.МӨНХЦЭЦЭГ