Нийслэлийн ардчилсан намын дарга Т.Батцогт тэргүүтэй намын бүрэлдэхүүн ТТТ ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун үйлдвэрийн бодит нөхцөл байдалтай танилцаж, түлшинд агуулагдах хорт бодисын талаар асуулга тавьж, гурван төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд өгөх ажлыг эхлүүллээ.
Тодруулбал, утаанаас ялгарах хүхрийн хийд хүмүүс олноороо хордлогод орж, зарим нь гэр бүлээрээ угаартаж нас барж байгаа тохиолдлуудад нийгмээрээ хариулт нэхэж, түлшний чанарыг бодитоор тогтоохыг шаардаж буй. Тиймээс сайжруулсан шахмал түлшний завсрын бүтээгдэхүүн болох мидлинг, Монгол эрдэмтдийн гарган авсан барьцалдуулагч, БНХАУ-аас импортолсон барьцалдуулагч тус бүрээс дээж авчээ.
Сайжруулсан түлшнээс ялгарах хүхэрлэг хий, түүхий нүүрснийхээс 2 дахин их байгааг ТТТ ХХК-ийн үйлдвэрлэлийн технологич танилцуулга хийх үеэрээ мэдээлсэн бол хамгийн ноцтой нь хорт бодисын хэмжээг тогтоох лаборатори манай улсад байдаггүй гэдгийг онцлон хөндөв.
Статистикаас харвал гэртээ угаартаж нас барсан хүний тоо 2020 онд 124, 2021 онд 184, 2022 онд 122 байгаа бол өнгөрсөн оны байдлаар угаартсан хүний тоо 3184 болж, 61 хүн нас барсан байна.
Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд “Таван толгой түлш”ХХК-ийн баруун үйлдвэрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт нь тодорхойгүй, үйлдвэрлэлийн орчинд амьдарч байгаа 2768 айл өрхийн 7375 иргэнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар тайлагнаагүй бөгөөд тэдний эрүүл мэндэд шууд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж ажиллаагүй , хохирлын үнэлгээг бодитоор тогтоогоогүй зэрэг аасуудлуудыг хөндөгдлөө.
Баруун үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр сарын дотор бүрэн зогсоож, ирэх оноос багануурын уурхайг түшиглэсэн хагас коксожсон түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар эрх баригчид зэхэж буй юм. Одоогоор үйлдвэрлэлийн хуримтлагдсан өр 687 тэрбум төгрөгт хүрсэн бол компанийн нийт өр 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Харин өнгөрсөн 5 жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд нийт 2.5 их наяд төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл ч бий юм.
Товчхондоо МАН эрх барьсан сүүлийн 8 жилийн хугацаандаа нийслэлийн гэр хорооллын 220 мянган янданг буулгах шийдэлд хүрч чадсангүй. Харин ч уушгины хавдрын суурь өвчлөлийг тэд тавьж чадсан хэмээн Нийслэлийн Ардчилсан намаас мэдээллээ.