Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.27 11:29
9572
Төрийн онцгой албанаас хамгийн бага, улны цалинг Онцгой байдлын албан хаагчид авч байна Шадар сайдаа...

Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, энхийн манаанд зогсдог Онцгой байдлын албан хаагчид энх цагт, цаг бусаар амь насаа алдсаар байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, эгэлгүй баатрууд гэж өргөмжлөөд хэсэг гашуудаад л мартах биш дахин нэг аавын хүүгийн амь насыг алдахгүйн төлөө бид юу хийх ёстой вэ?

Зүрх өвдөж, элэг эмтрэм эдгээр гашуун өдрүүдэд Онцгой байдлын нэг албан хаагчийн амь насыг 50 сая төгрөгөөр даатгуулдаг гэдгийг мэдэж авлаа.

Гэтэл эдгээр аврагчдын амь даатгалыг Монгол Улсын Засгийн газар биш даатгалын компани хариуцдаг.

Тэгвэл улс эх орныхоо төлөө андгай өргөн зүтгэх аврагчдад Монгол Улсын засгийн газар болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэрхэн анхаарч байна. Хэрэг гарахаар попорч гарч ирэх биш өмсгөл, хувцсыг нь бүрэн бүтэн болгож, хангамжийг нь нэмэгдүүлбэл бид энхийн цагт аврагчдаа алдахгүй. Албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах ёстой УОК-ын дарга С.Амарсайхан “Дөрвөн албан хаагч тутмын нэг нь зориулалтын хувцас, хэрэглэлгүй байна” гээд хээв нэг мэдээлэл хийгээд зогсож байна.

БНХАУ-аас орж ирсэн хувцас, өмсгөлүүд хямд, чанаргүйн дээр хэмжээний сонголтгүй. Үүнээс болж Онцгой байдлын албан хаагчид бүрэн хангамжаа авч чаддаггүй байна. Хямд зардлаар БНХАУ-аас орж ирсэн чанаргүй хувцсыг албан хаагчдадаа өмсгөх биш дотооддоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл аюулгүй байдал хийгээд, дотоодын үйлдвэрт ч нэмэртэй.

Төрийн онцгой албаны ажилчдын цалин улсын нууцад байдаг. Нууцад байна гэдэг ноотой л гэсэн үг.

Төрийн албаны онцгой үүрэг гүйцэтгэдэг таван төрлийн байгууллага бий. Эдгээр таван  байгууллагаас галын манаанд ажилладаг Онцгой байдлын алба хаагчид хамгийн бага цалинг нь авдаг. Онцгой байдлын албанд 10-аас дээш жил ажилласан албан хаагч гэхэд л 1,600,000 төгрөгийн цалин авдаг. Энэ нь дөнгөж ажлын гараагаа эхэлж буй цагдаагийн дэд ахлагчаас муу гэсэн үг.

Онцгой байдлын албаны ноён нурууг авч явдаг гол ажилчид болох дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагчид бүгд ийм цалинтай. Тийм дээ ч аврагчид ажлаа орхих тохиолдол их гардаг байна.

Цагдаагийн албан хаагчийн цалинг ХЗДХ-аас тогтоодог бол Онцгой байдлын албан хаагчдын цалинг Шадар сайд тогтоох ёстой.

Онцгой байдлын нөхцөл байдлыг сайжруулах гол үүргийг гүйцэтгэх ёстой УОК-ын дарга,  Шадар сайд С.Амарсайхан галын голомтод ажилладаг Онцгой байдлын албан хаагчдынхаа цалин хангамж, аюулгүй байдалд анхаарлаа хандуулмаар байна.