Нийгэм
2024.01.29 14:58
1781
“Бүсчилсэн эдийн засгийн форум” 2024 оны 2 сарын 1, 2-ны өдөр зохион байгуулагдана
 
 
 

Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Тогтоолын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны №06 тоот, 2024 оны №11 тоот захирамж гарч ажлын хэсгүүд байгуулагдсан.

  1. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг,
  2. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн форумыг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар ажиллаж байна.

Говь, хангай, зүүн, баруун, төв, хойд бүсийн урьдчилсан хэлэлцүүлгүүд 2024 оны 1 сарын 18-27-ны өдрүүдэд зохион байгуулагдав. 2024 оны 2 сарын 1, 2-ны өдөр “Монголын Эдийн Засгийн Форум 2024 – Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” Төрийн ордонд зохион байгуулагдана.

Форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм.

Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж 6 бүсэд хуваажээ. Өмнөх бодлогын хүрээнд эрчим хүчний эх үүсвэрүүд бий болгохоос эхлээд, манай улсыг хөндлөн холбосон “Мянганы зам” зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ.