Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.30 13:55
1930
Давшаанжилийн удирдлагууд АРДЫН БААТАР болов

Удаа дараа хариуцлага алдаж олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг золисон Дашваанжил газ компанийн удирдлагууд ямар хариуцлага хүлээв

2012 оны нэгдүгээр сарын 22-нд Дархан-Уул аймгийн 14 дүгээр байранд газ дэлбэрч, дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй бэртэж, нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгааг эх сурвалж мэдээлсэн. Дэлбэрэлт болсон айлд Дашваанжил ХХК-ийн 5 литр газ байсан бөгөөд хэрэглээгүй байсан газ нь дэлбэрч олон айл эд материал, эрүүл мэндээрээ хохирсон ноцтой хэрэг гарсан. Мэргэжлийн хүмүүсийн шалгалтаар “Дашваанжил” ХХК дүрэм, журмаа ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон.

2015 оны хоёрдугаар сарын 5-нд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртсэн. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан.

2020 онд“Дашваанжил” компанийн нэг удаагийн ахуйн “Хөх дөл” газ дэлбэрсэн.

2021 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутагт байрлах  хонины толгой хуйхалж чанадаг үйлдвэрт суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал алдаж, дөрвөн ажилчин түлэгдсэн ноцтой осол гарсан. Тус хийн баллонын тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалтыг “Дашваанжил” ХХК хариуцаж байжээ.

Хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 24-нд “Дашваанжил” ХХК-ийн 24,5 тонн газ ачиж явсан машин суудлын автомашинтай мөргөлдөж, газ алдсаны улмаас дэлбэрэлт үүссэн.

Дэлбэрэлтийн улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 14 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо байсан 29 автомашин дэлбэрэлтэд өртсөн ноцтой хэрэг гарсан.

“Эдү апарт” болон “Санни таун” хотхон тухайн дэлбэрэлтэд өртөж айл өрхүүд асар их хэмжээний хохирол амссан атал бид өнөөдрийг хүртэл хэргийн гол буруутныг сошиалаар хайсаар байна. Энэ үед олны өрөвч занд дөрөөлөн Дашваанжил компани ардын баатар болоод амжлаа. 

“Дашваанжил” газ ХХК-ийн удирдлагууд: “Бид жолоочоо хуулийн дагуу баг бүрдүүлж  хамгаална. Осол зөвхөн манай буруугаас болоогүй, халтиргаа гулгаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлсөн. Хэрвээ манай буруу болбол бид бүх хохирлыг барагдуулахгүй” хэмээн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийв. Гэтэл хүнээ алдсан ар гэр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах талаар тэд дуугарсангүй.

Ослын буруутан хэн ч болсон хохирлыг иргэд бидний төлсөн татварын мөнгөөр барагдуулах нь зүйд нийцэх үү...

Дашваанжил газ компанийн газ ачиж явсан машин аюултай бодис тээвэрлэх зөвшөөрөлгүйн дээр аюулгүй байдлаа хангаагүй.

Олон удаа аюулгүй байдлын дүрэм зөрчиж, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байхад Дашваанжил компанийн удирдлагуудад ямар хариуцлага хүлээлгэв.