Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.31 10:04
4073
"Молор-Эрдэнэ" морин спорт уяачдын холбооны 2024 зөвлөгөөн боллоо

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Молор-Эрдэнэ” морин спорт уяачдын холбооноос  “Монгол уяач 2024” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалтад тус холбооны тэргүүн Б.Батбаатар, Монгол Улсын тод манлай уяач А.Батсүх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Морьтны соёл судлаач, сэтгүүлч Л.Цагаандалай болон сумын уяачид оролцов. Эл удаагийн зөвлөгөөнөөр 2022, 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ололт, амжилт дүүрэн байсныг холбооны тэргүүн Б.Батбаатар онцолсон. Тухайлбал, Монголын морин спорт уяачдын  холбооноос жил бүр шалгаруулдаг “Сумын шилдэг” салбар холбоогоор шалгарсан байна. Тэрбээр хэлэхдээ “холбооноос жил бүр зохион байгуулдаг уулзалт зөвлөгөөнд улсын алдарт, тод манлай цолтой уяачдыг урин оролцуулж, тэдний морь уяах арга барил, орчин цагийн уяа, арчилгаа маллагаа зэргийг залуу уяачдад таниулан, санал бодлыг нь сонсохыг эрмэлздэг. Манай сумын уяачид зөвхөн морь уяж уралдуулахаас гадна уралдаанч хүүхдүүдийг хамгаалах тал дээр онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, хамгаалалтын хувцасаар хангах, даатгалд бүрэн хамруулах гэх мэт асуудлыг бүрэн шийдэж ажиллахаар болсон. Мөн холбооны зүгээс уяачдаа дэмжих, орон нутаг дахь хурдан морины уралдааныг өргөжүүлж, хөгжүүлэх, морь уях, эдлэх эрдэм ухааныг дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо” хэмээв.

Өнөө жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй. Тус сум нь морьтны өв соёл, айрагны өлгий нутаг билээ. Түүхт ойгоороо зөвхөн морь уяж уралдуулахаас гадна морьтны өв соёлыг бүхэлд нь илэрхийлэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.