Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2024.02.08 16:06
5792
Дэлхийн жишигт нийцсэн “ОЛОН УЛСЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ЦОГЦОЛБОР ТӨВ” -тэй боллоо

Олон улсын шуудан илгээмж солилцоо өдрөөр биш цагаар хэмжигддэг болсон өнөө үед Монгол шуудан хувьцаат компани өөрийн хөрөнгөөр анх удаагаа Дэлхийн жишигт нийцсэн “Олон улсын шуудан илгээмжийн цогцолбор” төвийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Төв аймгийн Сэргэлэн сум, Хишигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын талбайд баригдсан уг төв нь жилдээ 3 сая орчим шуудан илгээмж хүлээн авч, ялган ангилж импорт болон экспортод гаргах хүчин чадалтай бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэх гааль, шуудангийн нэг цэгийн үйлчилгээний заал,  шуудан ялган боловсруулах экспорт, импортын талбай, оффисын талбай, хоол үйлдвэрлэлийн тусгай өрөө, ажилчдын амралтын өрөөтэй байхаар төлөвлөсөн.

Мөн гадна инженерийн шугам сүлжээ, цахилгааны дэд өртөөг олон улсын стандартын шаардлагад  нийцсэн тоноглолоор гүйцэтгэн цахилгааны дэд өртөөг  ихаус буюу тусдаа байгууламжтай ABB, Шнайдерын тоноглолтойгоор хийснээрээ онцлогтой барилга юм.

Монгол Шуудан” хувьцаат компанийг 2016 онд олон нийтэд нээлттэй компани болж, 34 хувийн хувьцаагаа хөрөнгийн бирж дээр худалдан борлуулж хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын жишигт нийцсэн төв байгуулсан нь орчин цагийн шуудангийн байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалтын ажил болж байна.

Нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болсон бөгөөд  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Монгол шуудан хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг нар оролцож, нээлтийн үг хэллээ. Тус арга хэмжэнд 100 гаруй хүндэт зочид төлөөлөгчид оролцсон юм.