Иргэн бүрд Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Хувьцаа эзэмшигчдэд 2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөгийг нэгдүгээр сарын 31-ээс олгож эхэлсэн.
Зарим иргэдийн дансанд өнөөдрийг хүртэл ногдол ашиг ороогүй байгаа юм.
Ногдол ашиг дансанд нь ороогүй иргэд хэрхэн мөнгөө авах талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захиргаа хууль эрх зүйн газрын дарга Ж.Амарсайханаас тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар нийт 3 сая 204 мянган иргэний данс руу гүйлгээ хийгдсэн. Үүнээс 3 сая 186 мянга 391 иргэний ногдол ашиг амжилттай олгогдсон нь нийт хувьцаа эзэмшигчдийн 99,4%-д болно. Харин 18 мянган иргэний гүйлгээ буцсан байна.
Учир нь:
-Нэр дээрээ үнэт цаасны дансгүй
-Үнэт цаасны компанид бүртгэлтэй данс болон одоо ашиглаж буй данс зөрүүтэй
-Арилжааны банк дахь дансаа 6 сараас дээш ашиглаагүй, данс царцсан
-Овог нэр болон регистрийн дугаараа сольсон
-Олон банкны данстай тохиолдолд ашигладаггүй данс руу нь шилжсэн
-Хүүхдийнхээ дансыг хамт эзэмшдэг тохиолдлуудад ногдол ашиг нь дансанд нь ороогүй, буцаагдсан байна.
Иймээс дээрх зөрүүтэй мэдээллүүдээ зассанаар ногдол ашгаа авах боломжтой.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өөрийн ногдол ашиг болон ямар брокерт бүртгэлтэй талаар мэдээлэл авах боломжтой.
Гуравдугаар сарын 25-аас эхлэн 1072 хувьцаа эзэмшигчдийн 2023 оны ноогдол ашиг болох 256 мянган төгрөг иргэдийн дансанд орно. Зөрүүтэй мэдээллээ засаагүй тохиолдолд эдгээр 18 мянган иргэдийн дансанд 2022 болон 2023 оны ногдол ашиг орохгүйг анхаарууллаа.
Шууд дамжуулалтыг үзэх: