Өвөлжилт хаваржилт хүндэрсэнтэй холбоотой бид Говьсүмбэр аймгийн 4-р багийн малчин Э.Болормаагаас утсаар тодруулга авлаа.
-Өвөлжилт хүндэрснээс малчны зээлтэй иргэдийн зээлийг хойшлуулах асуудал яригдлаа. Таны хувьд зээлтэй юу. Зээл хойшлуулах нь танд ямар байдлаар тусах вэ?
-Би Төрийн банкинд зээлтэй. Анх зээл авахдаа малчны зээлийг ноолуур самнах үеэр дөрөв, мах бэлтгэлийн үеэр гээд 9,10,11-р сард гээд жилд хоёр удаа зээлийн төлөлт хийхээр авдаг. Энэ жилийн хувьд харин зээлээ яаж төлөхөөө мэдэхгүй л байна. Хойшлууллаа гэхэд хүү нь нэмэгдэнэ.
-Зээлээ та юунд зарцуулсан бэ. Өвөлд хэр бэлдэж, хадлан тэжээл базаасан бэ?
-Манайх говийн аймаг учраас хадлан байхгүй. Өвлийн бэлтгэл болгож өвс тэжээлээ худалдан авдаг.
Зээлийн мөнгөөрөө 3 тонн гаран тэжээл 200 гаруй боодол өвс авсан нь дууслаа.
Мөнгө ч шувтраад байна. Ах дүү нар хэдэн боодол өвсний мөнгө өгч аргацааж байна. 11-р сард л цас орсон. Одоо хүртэл цас орж, хүйтэн байна. Уг нь хаврын урь орж цас ханзрахыг хүлээсэн ч ханзардаггүй, цаг агаар маш хүйтэн байна.
-Танайх хэдэн малтай вэ. Малын хорогдол хэр хэмжээтэй
-Манайх 25 үхэртэй 20-д адуутай. 500 гаруй богтой байсан. Одоогоор 100-ад мал үхээд байна. Өвөлжин маш сайн тэжээсний буянд өвлийг гайгүй давсан ч цагаан сарын дараагаас үхэж эхэлсэн. Үхэл зогсоогүй одоо л эхэлж байна.
-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын онцгой комиссоос тусламж илгээж байгаа. Танд тусламж очсон уу?
-Тусламжаар 8 боодол өвс, 2 шуудай тэжээл ирсэн. 8 боодол өвс гэдэг малаа нэг өдөр тэжээх өвс. Гэхдээ далайд дусал нэмэр юм даа.
-Та малаа даатгуулсан уу?
-Банк даатгуулах ёстой гээд бид малаа даатгуулдаг. Малын индексжүүлсэн даатгалд хамруулсан. Гэхдээ даатгалд хэдэн төгрөгөөр даатгуулсан тэр хэмжээний нөхөн төлбөр л авахаар байсан. 2020 онд ямаагаа даатгуулсан. Сумын хэмжээнд банкинд 80 мянгаар даатгуулж болно гэхээр бид 80 мянган төгрөгөөр даатгуулаад эрсдэл гарахад 76 мянган төгрөг л авсан. Тэгэхээр даатгал гэдэг зүйл юунд хэрэгтэйг ойлгохгүй л байна.
-Хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байна?
-Хүйтрээд байгаа болохоор хэцүү байна. Малчдын хувьд өвс тэжээл л хэрэгтэй байна. Цас ихтэйгээс зам хаагдсан өвс тэжээл авахад хэцүү байна. Ачааны машин портер явах ямар ч боломжгүй байна. Хоолгүй гэдэс нь хоосон мал өвлийн хүйтэнд тэсэхгүй байна. Бид хар цай чанах ч юм уу өөрсдийн зүгээс хийж чадах ажлаа хийж байна.