Иргэний нисэхийн үндэсний төвийн удирдлага солигдсоноос хойш хөл толгой нь мэдэгдэхээ байж, бүтцийн шинэчлэл нэрээр ажилчдаа хайр найргүй халж сольж эхэлжээ. Удирдлага нь ёс зүйн алдаа гаргаж, ажилчидтайгаа зүй бус харьцаж эхэлснээс болж ажилтнууд нь Иргэний нисэхийн ерөнхий газарт гомдол гаргажээ. Тодруулбал, Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны дарга Д.Гантулга нь эрх мэдлээ урвуулан ашиглаж албаны ашиг орлогыг бууруулсан, нисэхийн ерөнхий газрын дотоод журмыг зөрчсөн, ёс зүйн алдаа дутагдал удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажилтнууд нь Иргэний нисэхийн ерөнхий газарт өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-нд өргөдөл гаргажээ.
Өргөдөлд:
Нэг: Спорт зааланд Ховдын “Алтайн барс” клус, “Ховдын түүчээ” гэхчилэн оюутны баг 58,5 сая төгрөгийн үнэ бүхий цагаар үнэ төлбөргүй заал ашигласан.
Хоёр: Заал түрээслэх гэрээ хийгдээгүй, үнэ төлбөргүй тэмцээн уралдаан зохион байгуулсан
Гурав: Жаргалант амралтын газар үнэ төлбөргүй үйлчлүүлсэн
Дөрөв: спорт цогцолборын сауныг ажиллуулаагүй
Тав: ирцийн логийг өөрчлөн засдаг
Зургаа: Ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж, ажлын байрны дарамт үзүүлдэг
Долоо: ажилтанд сул цалин өгч ажиллуулдаг
Найм: Ажлын байранд тамхи татаж, архидсан
Ес: Албан бус шаардлагаар албан томилолт авч, хөдөө орон нутаг руу явдаг
Гэхчилэн арван шаардлага хүргүүлжээ. Тухайн үед дотоод аудитын газраар шалгуулна гэсэн ч шалгаагүй байна.
Гэтэл Д.Гантулгад хаягласан өргөдөл гомдлын бэх нь хатаж амжаагүй байхад өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Нисэх буудлуудын үйлчилгээ хариуцсан менежрээр албан тушаал ахиулж томилсноо цахим хуудастаа мэдээлжээ.
Нисэхийн салбарт олон жил ажилласан, салбартаа хайртай хүмүүс төрийн албыг төрлийн алба болгон, бүтцийн өөрчлөлт нэрээр цомхотгон, тушаал бууруулж байгаад гомдолтой байна. Иймдээ ч Иргэний нисэхийн ерөнхий газар, ИНЕГ-ын ёс зүйн зөвлөл, салбар яам нь энэ мэт үйлдлийг нь эргэн харж, улсын өмчийг шамшигдуулж байгаад хариуцлага тооцдог болоосой.