Гадаад мэдээ
2024.03.14 11:19
785
Дани улс эмэгтэйчүүдийг цэрэгт дайчилдаг болно

Дани улс анх удаа эмэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд дайчлах болсон тухайгаа тус улсын засгийн газраас мэдээллээ.

Мөн НАТО-гийн гишүүн орны үүргээ биелүүлж ирэх таван жилийн хугацаанд батлан хамгаалах төсвөө 6 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр болжээ.

Тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен “Бид дайныг хүссэндээ дахин зэвсэглээгүй, бид дайнаас зайлсхийхийн тулд дахин зэвсэглэж байна” гэж мэдэгджээ.

Дани улсын эмэгтэйчүүд сайн дураар цэргийн алба хаах боломжтой байсан бол 2026 оноос эхлэн албан ёсны үүрэг болж байна. Ингэснээр Норвеги болон Швед улсаас гадна эмэгтэйчүүдийг цэрэгт дайчилдаг Европын гуравдагч улс болж байна.

Мөн энэхүү батлан хамгаалах салбарын шинэчлэлээр цэргийн алба хаах хугацаа 4 сараас 11 болж сунгагджээ. Өнгөрсөн онд 4700 хүн цэргийн алба хаасны 25 хувь нь эмэгтэй алба хаагч байсан бол цаашид энэ тоог 5000 болгохоор төлөвлөж байна.  Данийн зэвсэгт хүчинд одоогоор 20,000 орчим идэвхтэй албан хаагч, түүний дотор 9,000 орчим мэргэжлийн цэрэг байна. Зургаан сая орчим хүн амтай тус улс НАТО-гийн цэргийн эвслийн тогтоосон зорилтод хүрэхийн тулд  ДНБ-нд эзлэх цэргийн зардлаа 1.4- 2% хүртэл нэмэгдүүлж байна.

Дани улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжигчдийн нэг бөгөөд дайны дэвшилтэт зэвсэг болон хөрөнгөөр хангаж, Украины нисгэгчдийг АНУ-д үйлдвэрлэсэн F-16 байлдааны онгоцонд сургаж буй аж.

Эх сурвалж: BBC