Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт гэх чимээгүй тахал газар авсаар сүүлийн жилүүдэд аюулын харанга дэлдэж эхэллээ. Уг асуудлаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргалаас тодрууллаа.
- Сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын олон тохиолдол гарч байна. ЦЕГ-аас энэ тал дээр урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Цагдаагийн байгууллага хүүхэд гэмт хэрэг үйлдэж, хохирч байгаа шалтгаан нөхцөлийг байнга судалж, нөхцөл байдалд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Монгол улсад өсвөр насны 4 хүүхэд тутмын 1 нь бусдад дээрэлхүүлдэг.
Дээрэлхэлт нь зөвхөн зодож цохих хэлбэрээр илэрдэггүй. Хэн нэгнээс зориудаар нүүр бууруулах, харилцахгүй байж ганцаардуулах, мөнгө нэхэх, нууцыг нь задална гэж сүрдүүлэх зэрэг сэтгэл зүйн дарамт учруулах бие бялдар гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох, цуу үг тараах зэрэг хэл амаар дээрэлхэх тохиолдол ч бий.
БШУЯ-наас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.
Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байна.
Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь:
- Ахлах ангийн хүүхэд 47.6 хувь
- Багш 15 хувь гэсэн байна. Иймээс сургууль орчмын дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 209325 сурагч, 24317 оюутанд 1417 удаа сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.
Мөн сургуулийн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эргүүл болон “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг санаачлан, сүүлийн 4 жил хэрэгжүүлж байна.
- Цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх тохиолдол элбэг байна. Энэ тал дээр өнгөрсөн онд ЦЕГ-аас нэлээд анхаарч ажиллах шиг болсон. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг цаашид ямар ажлыг хэрэгжүүлэх вэ?
Сүүлийн үед хуурамч хуудас нээж, бусдыг доромжлох таагүй сэтгэгдэл үлдээх, онцгүй гарсан зургийг нь нийгмийн сүлжээнд тараах зэрэг цахим дээрэлхэлт хүүхэд, залуусын дунд түгээмэл болсон.
2023 онд хүүхдийг цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөв мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Би ... байна”, “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”, сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Хичээл эхэллээ”, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор “Нуугдмал”, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжлүүлье”, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор “Хүүхэд таныг хамгаалъя” зэрэг урьдчилан сэргийлэх, нөлөөллийн, соён гэгээрүүлэх ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэн ажиллана.
- Хүүхдээ үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход юу хамгийн чухал нөлөөтэй вэ?
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход эцэг, эхчүүдийн оролцоо чухал. Хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг таньж, ойлгож, тэдэнтэй ярилцах, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл ихэнх ээж, аавууд хүүхдээ бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж байгааг нь мэддэггүй бөгөөд мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй байна.
Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлох хүртэл эрсдэл үүсдэг.
Түүнчлэн сургуулийн орчинд өрнөж буй асуудал асран хамгаалагчид хамааралгүй мэт авирлах тохиолдол ч байдаг талаар нэгэн сургуулийн ахлах ангийн багш ярьсан. Тиймээс дээрэлхэлтийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа маш чухал.
- Үе тэнгийн дээрэлхэлтээс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?
Хүүхдийнхээ сургуулийн орчинд өрнөж буй үйл явдлын талаар үргэлж ярилцаж, зөвлөгөө өгөх маш чухал.
Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд:
- Дээрэлхэлт бол хүн бүрийн туулдаг, байдаг л зүйл гэсэн хандлагаасаа бид бүгд салах хэрэгтэй. Дээрэлхэлтэд ямар ч эерэг нөлөө байхгүйг санаарай. Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдааг та давтахаас татгалзаарай.
- Дээрэлхэгч хүүхдээс хол бай гэж зөвлөж огт болохгүй. Ингэснээрээ та өөрийн хүүхдэдээ “би ганцаараа энэ асуудлыг шийдэх ёстой, надад туслах хэн ч алга” гэсэн цөхрөл үүсгэнэ.
- Асуудлыг нь өмнөөс нь шийдэж өгөх гэж бүү яар. Та сэтгэл хөдлөлөөр хандан шууд сургууль эсвэл дээрэлхсэн хүүхэд дээр очиж болохгүй. Таны хүүхэд бие махбодын хувьд хүнд гэмтэл аваагүй бол та нөхцөл байдлыг хяналтдаа оруулах гэж яаран зүтгэж болохгүй. Харин та хүүхдэдээ өөрийгөө хамгаалах, ухаалгаар дээрэлхэлтийн тохиолдлыг даван туулах арга зааж өгөөрэй.
- Дээрэлхэгч хүүхдээс зугт гэж хэлж болохгүй. Ингэж хэлснээр та хүүхдэдээ байнга "зугтаад бай, нуугдаад бай, энэ айдсаа тээгээд яв" гэсэн мэссежийг өгч байна гэсэн үг. Энэ бол дээрэлхэлтийг шийдэх урт хугацааны оновчтой шийдэл биш.
- Эргүүлээд өөрийг нь дээрэлх гэж бүү хэл. Өөрийгөө хамгаалахыг, гэхдээ өөртөө итгэлтэйгээр ухаалгаар хамгаалахыг зааж өг. Асуудлыг хүчирхийллээр шийддэг хүнээс илүү өөртөө итгэлтэй, ухаалгаар тэмцдэг хүүхэд илүү амжилттайгаар асуудлыг шийднэ.
- Та дээрэлхэгч хүүхэд, түүний эцэг эх, асран хамгаалагчтай ганцаараа уулзаж хэзээ ч болохгүй. Ингэснээр дээрэлхсэн хүүхэд өөрийгөө өмөөрч, хохирогчийг буруутгана. Гэр бүлийн гишүүд нь ч мөн хүүхдээ өмөөрнө. Иймд заавал сургуулийн төлөөллийг байлцуулах хэрэгтэй. Сургууль дээр дээрэлхэлтийн асуудал хариуцсан багш, нийгмийн ажилтан, захирал нь ч байж болно.
Эцэст нь хэлэхэд багш, нийгмийн ажилтан сурагчдаа ялгаварлан гадуурхалгүй тэгш харьцаж тэднийг сонсоорой, эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж тэднийг сайн сонсож, ярилцаж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг хэрэглэх, өөрсдөө зөв үлгэрлэх хэрэгтэй.