Б.Нарангоо
Ерөнхий редактор
Орон нутаг
2024.03.20 17:55
1690
Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ундны ус тасалджээ
Хөвсгөл аймгийн Арбулаг суманд цас их орсноос, өвөлжилт хүндэрсэн бол одоо залгуулаад хаваржилт хүндэрч байна.  Арбулаг суманд нийт 1200 өрхийн 4100 хүн оршин суудаг. Үүнээс 1010 малчин өрх энэ жил 414,000 малтай өвөлжсөн. Отроор 18 өрхийн 8877 мал өвөлжжээ. Тус сум өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас туурайн зудад нэрвэгдээд байна. Цас харьцангуй бага байгаа хэдий ч газар бараан, мал идэх өвсгүй болсноос сумын хэмжээнд нийт 7771 мал хорогдож, отроор 432 хорогджээ. Сумын хэмжээнд  ундны усны асуудал хүндрээд байгаа юм байна. Учир нь сумын төвийн ундны усны худгийн труба тасарсны улмаас цооног зөрж, ундны ус тасалджээ. Отрын бүс нутагт хорогдсон малын сэг зэм маш их байгаа тул бохирдол, хаягдлыг яаралтай устгаж, цэвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг сум, орон нутгийн захиргаа, иргэд, малчид хэлж, зайлшгүй тохиож болзошгүй шар усны үерт санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Сумын захиргаа, иргэд, малчдын санал, хүсэлтийг нэгтгэн, өвс тэжээл, малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх болон Арбулаг сумын ундны усны худгийн труба засварлах зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр УОК-т уламжилж, шийдвэрлэхээр болжээ.