Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2024.03.22 15:54
4099
"Чимээгүй тахал" буюу хөрсний бохирдол

Улаанбаатар хотын хэмжээнд 400 мянга орчим айл өрх гэр хороололд амьдарч байгаа. Үүнээс 200 мянган айл өрхийн орчимд хөрсний дээжийн бохирдлын шинжилгээ, судалгааг хийсэн байна. Тус шинжилгээгээр 88 хувь нь нянгийн бохирдолтой гэх дүн гараад байгааг нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцууллаа.

Хөрсний бохирдлын үндсэн шалтгааныг гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонг гэж үздэг. Мөн иргэд үнс, угаадсаа ил задгай асгах, гуу жалганд зохиомол хогийн цэг үүсгэх зэргээс хөрсний бохирдол үүсдэг байна. Ялангуяа урин дулааны улирал ирж байгаа энэ үед нян үржих таатай орчин бүрддэг. Мөн Улаанбаатар хотод үүсээд байгаа халиа тошин, шар усны үер олон төрлийн нян бохирдол тараах эрсдэлийг бий болгож байна. НЭМҮТ-ийн 2018 оны судалгаанаас харахад хөрсний бохирдол, хөрсний нянгийн тоо ихсэх тусам тухайн бүс нутагт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд суулгалт, халдварын тоо нэмэгдэж байгаа гэх дүн гарчээ. 

Хөрсний бохирдлын нөлөө

  • Гадаргын болон гүний усыг бохирдуулна
  • Гэдэсний халдварт өвчин үүсгэнэ
  • Цусан суулга
  • Халдварт шар
  • Балнад
  • Урвах тахал
  • Малаас хүнд дамжин халддаг боом
  • Мэрэгч амьтнаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд болох цагаан хорхой, туузан хорхой, хуж хорхой, хялгасан хорхой
  • Сүрьеэ, амьсгалын замын өвчин

Хорт хавдар: Хүнд металл, зарим химийн бодис зэрэг хөрсөнд агуулагдах зарим бохирдуулагчид удаан хугацаагаар өртөх нь тодорхой төрлийн хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Амьсгалын замын өвчин: Бохирдсон хөрсний тоос, тоосонцороор амьсгалах нь астма, бронхит, уушигны архаг бөглөрөлт өвчин (COPD) зэрэг амьсгалын замын эмгэгийг үүсгэдэг.

Мэдрэлийн нөлөө: Хөрсөнд агуулагдах хар тугалга болон бусад хүнд металл нь хүүхдийн толгой өвдөх, ой санамж муудах, хөгжлийн хоцрогдол зэрэг мэдрэлийн үр дагаварт хүргэдэг.

Ходоод гэдэсний замд үзүүлэх нөлөө: Хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодисоор бохирдсон хоол хүнс, ус хэрэглэх нь дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг ходоод гэдэсний өвчин үүсгэдэг.

Нөхөн үржихүйд үзүүлэх нөлөө: ургийн гажиг, үргүйдэл зэрэг нөхөн үржихүйн хөгжлийн асуудалд хүргэдэг.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

Бохирдсон хөрсний тоос, тоосонцороор амьсгалах: Хүмүүс бохирдсон газрын ойролцоо ажиллаж, амьдхар, эсвэл барилга барих, нураах үед бохирдсон хөрсний нянгаар амьсгалдаг байна.

Хөрсний бохирдуулагч бодисоор бохирдсон хоол хүнс, ундны ус уух: Энэ нь бохирдсон хөрсөнд үр тариа ургасан эсвэл бохирдсон гүний усыг ундны усны эх үүсвэр болгон ашиглаж байгаа үед тохиолдож болно.

Бохирдсон хөрсөнд шууд хүрэх: Хүмүүс үйлдвэрлэлийн талбай, хогийн цэг зэрэг бохирдсон газар, эсвэл бохирдсон газар цэцэрлэгжүүлэлт, газар тариалан эрхлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг үед тохиолдож болно.

Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах,  бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх зэргээс халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.

Бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

Нэгэнт бохирдсон хөрсөн дээр байшин барилга барьж, төвлөрсөн дулаанд холбосон ч ундны усны асуудал цаашлаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Тиймээс иргэдийг дараах зөвлөмжийг дагахаыг зөвлөж байна.

1.Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах

2.Түүхий ус уухгүй байх, буцалгаж хэрэглэх

3.Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар ус тээвэрлэх

4.Булаг шандны усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

5.Гараа сайтар савандаж угаах

6.Ахуйн хаягдлыг ангилж хаях

7.Хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх

8.Стандартын нүхэн жорлонтой байх. Ариутгалын компаниар тогтмол ариутгал хийлгэх

9.Жорлон угаадасны нүхийг зориулалтын бодисоор халдваргүйтгэх

10.Бие засах газарт халдваргүйтгэл хийх

11.Гудамж талбайд нус, цэр, шүлс, тамхины иш, угаадас асгахгүй байхыг зөвлөж байна.

Шууд: