Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.27 15:10
3071
Б.Атарцэцэг: Таваас дээш жил жирэмснээс хамгаалах эм уух нь умайн хүзүүний хавдар үүсгэх хүчин зүйлийн нэг болж байна

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Атарцэцэгтэй умайн хүзүүний хавдрын өвчлөл Монгол Улсын хэмжээнд ямар түвшинд байгаа талаар ярилцлаа.

Умайн хүзүүний хавдар Монгол Улсын хэмжээнд ямар түвшинд байгаа вэ?

Умайн хүзүүний хавдар дэлхий дахин болон манай улсын хувьд эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн зонхилон тохиолдох өвчнүүдийн тоонд ордог бөгөөд дэлхийд дөрөвдүгээр байрт орж байна.

100 мянган эмэгтэй тутамд 13,1 тохиолдол бүртгэгддэг. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн гуравдугаар байрт ордог бөгөөд 100 мянган эмэгтэй тутамд 18,8 тохиолдол бүртгэгддэг нь дэлхийн дунджаас маш их өндөр тоон үзүүлэлт.

2022 оны судалгаагаар манай улсын хэмжээнд умайн хүзүүний хавдар өвчлөл 318 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 10 жилийн дунджаас харахад жил бүр умайн хүзүүний хавдар өвчлөлөөр 350-450 орчим эмэгтэйчүүд уг хавдраар бүртгэгддэг байгаа.

Өдөр тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хавдраар бүртгэгдэж байна гэсэн үг. Бусад улсад 2-75 тохиолдол бүртгэгддэг, тэгэхээр манай улсын хувьд өндөр тохиолдол бүртгэгдэж байна. 

Нас баралтын хувьд ямар түвшинд хүрсэн гэсэн үг вэ? 

Нас баралтын хувьд 100 мянган эмэгтэй тутамд 9,6 тохиолдол бүртгэгдэж байдаг. Одоогоор халдварт өвчин судлалын үндэсний төвийн хяналтад 4742 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдар өвчнөөр хянагдаж байна. Умайн хүзүүний хавдар нь хүний хөхөнцөр вирус буюу папилома вирусээр үүсгэгддэг.

Халдвар хэрхэн дамждаг вэ? 

Бэлгийн замаар болон салстаар халдвар дамждаг, умайн хүзүүний хорт хавдар гэхгүйгээр папилома вирус эрэгтэйчүүд адилхан шодойн хавдар, хошногны хавдар, амны хавдар зэргийг үүсгэж байдаг, үү, ургацгийг үүсгэнэ

Папилома вирусийн өндөр эрсдэлтэй хэв шинжүүд болох 16, 18, 31, 33, 53-р шинжүүд өндөр эрсдэлтэй. Умайн хүзүүний хавдар үүсгэгч нөлөөлөх хүчин зүйлүүд гэж байгаа. Үүнд олон бэлгийн хамтрагчтай байх, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, умайн хүзүүний урьтал эмгэгээр өмнө нь өвдөж байсан, жирэмснээс хамгаалах эмийг 5 буюу түүнээс дээш жилээр хэрэглэж байсан, тамхи татах зэрэг хүчин зүйлүүд умайн хүзүүний хавдар үүсэхэд нөлөөлж байдаг.

Ямар ямар эмнэл зүйн шинжүүд илэрдэг вэ? 

Эмнэл зүйн шинжүүд бол хэвлийгээр өвдөх бэлгийн харьцааны үед өвдөх, цусархаг ялгадас гарах, доошоо эвгүй үнэртэй ялгадас гарах зэрэг шинж тэмдгүүд хожуу илэрдэг. Эхэн үедээ ямар нэгэн инж тэмдэг илрэхгүй байснаас эмэгтэйчүүд маань оношилгоо шинжилгээндээ хамрагдахгүй байснаас хожуу шатандаа зовиур өгч оношилогддог.

Эрт илрүүлгийн тухайд? 

Манай улсын хувьд умайн хүзүүний хавдар өвчний эрт илрүүлэг, оношилгоог өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр 30-60 насны эмэгтэйчүүдэд 3 жил тутамд нэг удаа энэ оношилгоог авдаг, мөн эдийн шинжилгээгээр баталгаажуулж авдаг. Умайн хүзүүний хавдар өвчлөл өөрөө хүний папилома вирус буюу хөхөнцөр вирусээр үүсгэгдэж байдаг учраас тухайн вирусийн эсрэг шинжилгээг эрэгтэй эмэгтэй гэлтгүй аль аль нь оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байх ёстой.

Уламжлалт аргаар оношилхоос гадна сүүлийн үеийн дэвшилтэт технологий бий юу? 

Мэдээж байлгүй яахав. Шинэ дэвшилтэт технологи болох БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улс албан ёсны эрхтэйгээр "ai media mongolia" компани 2023 оны наймдугаар сард Монгол Улсдаа нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар 11 эмнэлэгт суурилагдсан байна.

"Төгс мед" эмнэлэгт энэхүү аппарат суурилагдаж, оношилгоо шинжилгээндээ ашиглаж байна. Энэ төхөөрөмжийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан 6 сая дата өгөгдөлтэй, хариу гарагх хугацаа тавхан секундын дотор гарна. Ямар нэгэн өвдөлт зовиур өгөхгүй, умайн хүзүүнээс 15-20 см-ийн зайнаас оношилгоо хийгддэг.

Умайн хүзүүний хавдар өвчлөл ямар нэг шинж  тэмдэг зовиур өгдөггүй учраас өөрсдийгөө хамгаалаад 1-2 жил тутамд оношилгоондоо хамрагдаж умайн хүзүүний хавдар өвчнөөс сэргийлээрэй гэж зөвлөж байна. 

 

                                                                                                                                                                                                                                               Ярилцсанд баярлалаа.