Бүгд Найрамдах Франц Улсын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Франк Ренье тэргүүтэй төлөөлөгчид саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийгээд буцлаа.
Энэхүү айлчлалын хүрээнд ноён Ф.Ренье, БНФУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа Филипп Дэпонселийн хамт Батлан хамгаалах яамнаа хүрэлцэн ирж, Монгол Улсын батлан хамгаалахын дэд сайд Э.Баттөр болон ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нартай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцсан юм.
Уулзалтын үеэр, хоёр тал Франц улсад суралцах Монголын цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад хичээллэж буй Франц хэлний тэнхимийн үйл ажиллагааг өргөжүүлэх, мөн батлан хамгаалах аж үйлдвэр болон энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн чиглэлээр харилцан туршлага судлах, хамтарч ажиллах боломжтойг дурдан ажил хэрэг болгохын төлөө чармайн ажиллахаар тохиролцов. Түүнчлэн хоёр орны батлан хамгаалах салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах нь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолж байлаа.