Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2024.03.29 13:32
3137
Ерөнхий сайдын үгний цаадах үг

“Өөртөө дурласан дагз” гэж ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жиргэснээр олны анхаарлыг татсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага өчигдөр цацагдсанаар улс төр судлаачдыг хэдэн өдөр ярих ярианы сэдэвтэй болгож,  элдэв таамаглал дэвшүүлэх өгөөш хаяв. “Улаанбаатараас ярьж байна” гэх ярилцлагадаа С.Зоригийн аллагын хэргийн гаргалгаа, сүүлийн үед шил дараалан болж буй авлигын шүүх хурлуудын талаар улс төрчид, сөрөг хүчин руу чиглэсэн  мэдэгдлүүд хийлээ.

Хөгжлийн банкны зээл, нүүрсний гэрээний цаана авлига, албан тушаалын хэрэг нуугдаж байгааг илчлэхээр нээлттэй сонсгол явуулсан. Гэвч  эцсийн  дүнд нь өмнөх ерөнхийлөгч нарын байгуулсан гэгдэх “хонгил”-ын шүүхээр шүүгдээд буцсан.  Үүнд  ерөнхий сайд төдийгүй ард иргэд ч дурамжхан байгаа. Шүүхээсээ ч эрх мэдэлтэй болчихоод дунд шатны дарга нараар туг тахиад өөрсдөө уснаас цэвэр гардаг улс төрчдийг тэгвэл яах вэ. Нэгэнт шүүхээр ороод ч ял сонсдоггүй, бүгд найрамдах уншуулдаггүй юм бол олон нийтэд тэдгээр гишүүдийг зарлачихвал ядахдаа дараагийн сонгуульд эдгээр гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, иргэд сонгохгүй байх боломжтой. Ерөнхий сайд  ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг Г.Амартүвшин Г.Дамдинням нарыг авлигын сүлжээнд орсон гэж хэлсэн нь анхаарал татаж байна.   МАН нэр дэвшүүлэх журмаа баримталбал  авлига, албан тушаалтай нэр холбогдсон, шалгуулж буй эдгээр гишүүд нэр дэвших эрхгүй болж байна.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Андуурсан байх оо. Надтай холбоотой анхан болон давж заалдах шатны шүүх дээр ямар ч хэрэг байхгүй. Анхнаасаа хөгжлийн банкны шүүх хурлын үеэр хоёр өөр гишүүнтэй нийлүүлээд сошиалаар нэлээн сэвээд байсан. Тэрүүгээрээ л орсон байх, тэрнээс биш хөгжлийн банкны хэрэг шалгагдаад, прокуророос шүүх рүү ороход миний нэр бол тэнд байхгүй. УИХ дээр орж ирэхэд бас байгаагүй” гэжээ.