Нийгэм
2024.04.02 08:30
1501
Иргэдийн тэвчээр тасрахад "ганц хуруу"

Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоол гаргаж, Хүнсний хувьсгал хийхээр зорьж буй. Тэрбээр, “аль юм болгонд айлаас давсаа хүртэл гуйх юм бэ” хэмээн хэлсэн үгэндээ дурдаж байсан удаатай. Тиймдээ ч Үндэсний үйлдвэрлэгчдийг тойлж, дэмжиж ирсэн байдаг. Гэтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр томоохон Үндэсний гэх тодотголтой үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмж, үндэстнээ тонож байна. Ганц гурил, будааны үнэ гэлтгүй ковид цар тахлын үеэс эхлэн хил хаалттайг далимдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ бараг л өдөр өдрөөр нэмэгдсээр ирсэн. Зуд болохоор нохой зоолно гэдэг дээ...

Үндэсний статитистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн долоо хоногийн харьцуулалтын мэдээгээр 17565 төгрөгийн дундаж үнэтэй байсан үхрийн ястай мах 17831 төгрөг болж 1,5 хувь өссөн. Нэг хайрцаг сүү дунджаар 6000, өндөг гэхэд 700-800 төгрөгөөр борлуулагдаж байна. Бүх л юмны үнэ өсөж байгаа ч үүнд хяналт тавих, хариуцлага тооцох хэн нэгэн алга. 

2022 онд гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд, гурил, мах нэн тэргүүнд багтаж байв. Гэтэл энэ хууль хэрэгжсэн үү гэвэл үгүй. Цагаан дээр хараар бичсэн хуулийн бичлэг төдийхнөөр өнгөрснийг өнөөдрийн энэ үнийн хөөрөгдөлд нухлагдаж байгаа иргэдээс харж болох юм.

Төр энэ  үед л иргэд рүү нуруугаа харуулах биш, иргэдэд нуруугаа харуулж буй “шулаачдад” төмөр нүүрээ харуулах шаардлага үүсээд байна гэсэн үг. Хэдийгээр манай улс дотоодоосоо бүх бараа бүтээгдэхүүнээ хангах нөөц, бололцоогүй ч урд хойд хөршийнхөө далбаа хаашаа хийснэ тийшээ намираад байх нь ч зохимжгүй. Гэлээ гээд монопол болсон хэдхэн гэр бүлийн бизнесийн золиосыг иргэд үүрэх ч ёсгүй юм. Тэдний тэвчээр тасархад "ганц хуруу"