Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.02 12:39
1957
П.Батчулуун: ЭХЭМҮТ-д донороо хүлээж буй 20 гаруй хүүхэд байна

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуунтай ярилцлаа.

  • Таны хувьд Монгол улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулсан хүмүүсийн нэг шүү дээ. Яг хэзээнээс эхлэн Монгол улсад донор гэх ойлголт бий болсон юм бэ?

Олон хүний хөдөлмөрөөр Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа нутагшсан. 1950-аад оны үед эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхий дахинд хийж эхэлсэн. Харин Монгол улсад хамгийн анх 1995 онд Л.Жамбалжав профессорын ахалсан бага бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн. Гэвч өвчтөн удаан амьдраагүй. Тиймээс Монголд эрхтэн шилжүүлэх хагалгааг нутагшуулахын тулд олон судалгаа, тооцоо, техник, тоног төхөөрөмж хэрэгтэй юм байна гэж үзсэн. Харин 1950-иад оны сүүлээр цусны донор гэх ойлголт бий болсон.

  • Та донорын тухай ерөнхий ойлголт өгөөч. Одоогоор манай улсад донор болохоо илэрхийлсэн хэдэн хүн байгаа вэ?

Донорын хувьд амьд донор, амьгүй донор, цусны донор гэж бий. Амьд донор гэдэг нь өөрийн гэр бүлийн хүнд элэг, бөөр гэх мэт цуллаг эрхтнээ өгөх боломжтой хүнийг хэлнэ. Харин амьгүй донор гэдэг нь тархи нь үхэжсэн, тархинд нь цус харвасан хүнийг хэлдэг. Нэгэнт тархи нь үхэжсэн хүмүүсийн ар гэрийн зөвшөөрлөөр эс, эд, эрхтэн хэрэгтэй байгаа хүмүүст өгөхийг хэлнэ.

Одоогоор 500 гаруй хүн донор болохоо илэрхийлээд 100 гаруй хүн карт авсан байна.

  • Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэх төв хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийг хүртэл хэчнээн хүний амь насыг аварсан бэ?

Монгол улсад 2000 онд донорын тухай хууль батлагдсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 4-5 удаа донорын тухай хуульд өөрчлөлт орсон.

2018 онд донорын тухай хуульд өөрчлөлт оруулахад Эрүүл мэндийн хөгжлийн төвд “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” байгуулагдсан. Тэр цагаас хойш 7000 гаруй амьгүй донор илрүүлэх ажиллагааг хийж, 300 гаруй боломжит донорыг илрүүлэн  100 гаруй донорын ар гэртэй уулзсан. Эдгээрээс 30 гаруй донорын гэр бүл зөвшөөрч 64 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн.

39 хүнд бөөр, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амьгүй донороос хийсэн.Мөн эдгээр донороос 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж амьдралын чанарыг нь сайжруулсан.

Донор болсон хүмүүсийн гэр бүлд маш их баярлаж байгаагаа хэлье. Эдгээр доноруудын ачаар эрүүл болсон хүмүүс маань баялаг бүтээгч болж, амьдралаа аваад явж байгаа.

  • Хамгийн сүүлд 2022 онд донорын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. Өмнөх хуулийн заалтуудаас давуу тал нь юу байна

2022 оны зургаадугаар сарын 16-нд донорын тухай хуулийг баталсан.

2018 онд донорын тухай хуульд 25 наснаас дээш насны хүмүүс амьд болон амьгүй донор болно гэсэн заалт байсан. Гэтэл 25 наснаас доош насны аав, ээжүүд хүүхдэдээ донор болох гэхээр хуулиараа хориглосон байдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор 21 нас болгосон.

Ингэснээр 400 мянган хүнд донор болох эрхийг нь нээж өгсөн.

Хоёрдугаарт эд, эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хороо болон нэгтгэсэн мэдээллийн сантай болох ёстой гэж үзсэн. Мөн амьд донорт урамшуулал олгодог болсон.

  • Монгол улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл хэдэн хүнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн бэ, хэчнээн төрлийн эрхтэн шилжүүлэн суулгадаг бол

Монголд 2018 оноос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эрчимжсэн. Өнөөдрийн байдлаар улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр 354 хүнд бөөр шилжүүлэн суулгаж, 252 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Хавдар судлалын үндэсний төв дээр 180 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн. Эдгээрийн ихэнх нь амьд донор буюу гэр бүлийн гишүүдээс шилжүүлэн суулгасан.

2022 онд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн.

  • Монголын нөхцөлд донор болох хүн олно гэдэг хэцүү шүү дээ. Донороо хүлээж байгаа хэдэн хүн байгаа вэ?

Монгол улсад донороо хүлээж буй 1500 хүн байна.

Жилд 3000 гаруй хүний тархинд цус харваж эмнэлэгт хүргэгддэг ч эдгээр хүмүүсээс донор болох шаардлагыг хангадаг хүн цөөн. Донорын шалгуурт нийцсэн хүмүүсийн ар гэртэй уулзахад ихэнх нь татгалздаг. Монголчууд суурь өвчин ихтэй байна.

Жилд 120 орчим хүнд элэг, 60 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. Ихэнх нь амьд донороос шилжүүлэн авдаг. 

Хүлээх жагсаалтад улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах 590 гаруй хүн,элэг шилжүүлэн суулгах  400 гаруй хүн байгаа бол Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах 100 гаруй, ЭХЭМҮТ-д 20 гаруй хүүхэд байна.

Шинээр зүрх шилжүүлэн суулгах хүмүүсийг бүртгэж авахгүй байгаа. Донор ховор байгаа энэ үед хүлээх жагсаалтад оруулж, өвчтөнд горьдлого тээлгэх хэцүү. Итгэл найдвар тээсээр нас барсан харамсалтай тохиолдол олон бүртгэгдсэн.

Шууд дамжуулалтыг үзэх: