Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ
2024.04.02 16:27
2332
Т.Аубакир: Тэтгэвэрт гаръя гэхээр залуудаад, ажилд оръё гэхээр хөгшдөөд байгаа хүмүүсээ өөрсдөө учраа ол гээд хаях юм уу

Өнөөдөр болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Т.Аубакир дараах асуултыг асуулаа. “Тэтгэвэрт гаръя гэхээр чи залуу байна болоогүй гээд , ажилд оръё гэхээр та хөгшдөөд байнаа гээд байдаг. Энэ хүмүүсийн гар дээр хүүхэд байхгүй, ямар нэг орлого байхгүй бид нарыг яах юм бэ та нар маань гэсэн хүмүүс байгаад байна. Эдгээр хүмүүс өөрсдөө учраа ол гээд хаях юм уу. Хаях бол тэрийгээ хэл. Яасан их айхтар инээж байнаа.

Хоёрдугаарт, С.Чинзориг сайдаа, электрон тамхи гээч юм тойргоор явж байхад эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар гайхширч байна. Электрон тамхины хор хөнөөл тогтоогдсон юм уу.  Эсвэл манай улсад чөлөөтэй заруулаад байгаа       бодлого, зургаа долдугаар ангийн хүүхдээс хойш авахуулаад хавтгайгаар татаж байна шд. Сургууль тойрч зогсоод. Энэ дээр бид нар нүдээ аниад зогсоод байх юм уу манай байнгын хорооныхон.

Энэ дээр электрон тамхины тухай хуулийг 2022 оноос хойш Г.Дамдинням, Х.Ганхуяг, миний бие нар өргөн барьж байсан. Төсөв санхүүтэй холбоотой учраас яам руу шилжүүлсэн байх ёстой С.Чинзориг сайдаа тан дээр байх ёстой.  Бид нар электрон тамхийг чөлөөтэй нь байлгаад байх юм уу. Хэрэв чөлөөтэй байлгах бол тэрийгээ хэлчих.  Чөлөөтэй татаж бай гээд тэр хүүхдүүд эцэг эхчүүд  өөрсдөө учраа ол гээд. Энэ чинь нийгэмд эргээд ямар хор нөлөө учруулах вэ. Сая та нарын санаа зовоод ярьцгаагаад байдаг хорт хавдар , янз бүрийн өвчний эх суурь болох юм бишүү. Энэдээ ямар нэг арга хэмжээ авахгүй юм уу. Нэг бол тас хорь  нэг бол татварын зохицуулалт оруул. Энийг асууж байгаа маш олон эцэг эх байна” гэлээ.

НББХ-ны дарга П.Анужин “Таны асуусан таны гурван асуултад одоо хариулах боломжгүй байна. Их хурал дэгийн дагуу хуралдах ёстой “ гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гээд ажиллаж байгаа. Засгийн газарт тамхины хяналтын хууль орж ирснийг ЭМЯ руу буцааснаар Сангийн яам, Хууль зүйн яамтай хамтран ажиллаж байна. Сайдын хувьд хатуу хориглох гэхээс илүүтэй ядаж утаат тамхитай ижилхэн онцгой татвартай болгоё. Хоёрдугаарт утаат тамхитай ижилхэн худалдан борлуулах нөхцөлтэй болгоё гэсэн чиглэлийн өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Халамжийн тухай хуулийн дагуу тэтгэврийн  насанд хүрсэн бол ядаж халамжийн тэтгэвэр авна. Үгүй бол хөдөлмөрийн насны хүн болгоныг халамжид оруулах боломжгүй. Бид халамжийг бууруулах, хөдөлмөрийг дэмжих бодлого барьж байгаа” гэлээ.