Нойр нь хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангана. Хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдлээс үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц сулардаг. Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг нууцтай сэдвийн нэг бол нойр юм. Эрт үеийн түүхийн эх сурвалжуудад зүүдний тайлбарт анхаарлаа хандуулдаг байсан ч нойр нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийн талаар огт дурдаагүй байна. Зөвхөн 18-р зуунд эрдэмтэд нойрны хэв маягийг судалж эхэлсэн ба 1729 онд Jean Jacques d’Ortuous de Marian ургамлын талаар судалгаа хийсэн нь хүний нойрыг сонирхох болсон. Тэрээр байнгын харанхуйд ч ургамал унтаж сэрсээр байгааг анзаарч, циркад хэмнэл нь хүрээлэн буй орчноос хамааралгүй гэдгийг ойлгосон. Английн нэрт эрдэмтэн John Davy 1845 онд биеийн температур болон нойрны хэв маягийн хоорондын холбоог судалсан нь эрдэмтдийн хувьд судалбал зохих судалгааны чухал талбар болж эхэлсэн юм. Германы сэтгэцийн эмч Hans Berger электроэнцефалограмм (EEG) аппаратын тусламжтайгаар 1924 онд тархинаас үүссэн долгионы хэв маягийг бүртгэж, нойр, сэрүүн байдлын ялгааг судалсан анхны хүн болсон бөгөөд 1925 онд Nathaniel Kleitman нойрны эмгэг физиологийг судалж эхэлсэн байна.
1938 онд Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Kleitman, Richardson нар өөрсдөө харанхуй агуйд 32 хоногийн турш байж хийсэн судалгаагаараа нойр нь хүний өөрийнх нь биохэмнэл буюу биологийн цагаар явагддаг гэдгийг нотолсон байдаг. Мөн эрдэмтэн Kleitman өөрийн шавь Eugene Aserinsky хамт анх өөрийн охин дээрээ нүд нь хөдлөхгүй болохоор бие нь хөдлөөд, нүд нь хөдлөөд эхлэхээр бие нь хөдлөхөө больж байгааг анзааран гүнзгийрүүлэн судалж нойр 4 үе шаттай эдгээр 4 үе шат нь цикл маягаар тойргоор хэлбэлзэн явагддаг болохыг 1952 онд нээсэн байдаг.
Хүний унтаж байх үед нүд түргэн хөдлөх ба энэ үед тархи өөрөө өөрийгөө цэвэрлэж авсан мэдээллээ хадгалан боловсруулж эхэлдгийг судлаачид нотолсон байдаг. Унтах нь хүмүүст шинэ мэдээллийг боловсруулах, эрүүл байх, эрч хүчээ сэргээхэд тусалдаг биологийн цогц үйл явц юм. Унтах, сэрүүн байх хугацаа нь бидний бие махбодийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Хэдийгээр та унтаж байхдаа амарч байгаа ч таны тархи маш идэвхтэй хэвээр байна. Сүүлийн үеийн судалгаагаар унтах ёстой цагаар унтсан хүмүүсийн ажлын бүтээмж, ой тогтоолт илүү сайн үзүүлэлтэй гарсан байна. Хүн бүрийн бие махбодын амрах цаг харилцан адилгүй. Зарим хүн найман цаг унтдаг байхад, заримд нь 5 цагийн нойр хангалттай байдаг байна. Мөн 10 цаг унтсан ч нойрмог хэвээр байдаг хүн ч цөөнгүй. Ер нь хүн хоногт дунджаар 6-8 цаг, нярай хүүхэд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг унтаж амардаг бол нас ахих тусам унтах хугацаа богиносож жараас дээш насныхан өдөрт таваас ихгүй цаг унтдаг байна. Шөнөдөө 4 цагаас бага эсвэл 10-аас дээш цаг унтдаг гэж мэдээлсэн хүмүүсийн дунд хийсэн 6 жилийн ажиглалтад хийсэн дүгнэлтээс харахад, тухайн хүмүүсийн дундаж нас харьцангуй доогуур байсан байна. 1982-1988 оны хооронд 1.1 сая хүн оролцуулсан хоёр дахь судалгаагаар эдгээр үр дүн дахин батлагдсан. Эдгээр судалгаанаас харахад нойрны үргэлжлэх хугацаа багасах, ихсэх нь хүний амьдралын чанар, наслалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг харуулж байна. Нойрны эмгэгийн оношилгоо хийдэг гол аппарат нь нойрны олон үйлдэлт бичлэг буюу полисонографи аппарат юм. Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд нойрны олон үйлдэлт бичлэг буюу полисонографи аппаратаар нойрны чанар болон нойрны эмгэгийн судалгааг 600 гаруй хүнд хийхэд 50 орчим хувь нь нойрны чанарын муу үзүүлэлттэй байсан. Мөн 28 оюутан, 24 оюутан бус залуус нийт 52 залуусын дунд нойрны чанарын харьцуулсан судалгааг асуумжийн арга болон нойрны олон үйлдэлт бичлэгийг хавсарч хийсэн. Нойрны чанарыг үнэлэх PSQI асуумжаар 5-аас дээш оноо авсан бол нойрны чанар муутай гэж үздэг. Гэтэл судалгаанд оролцсон 52 залуусын нойрны чанарын үзүүлэлтийг харьцуулахад оюутнуудын нойрны чанарын үзүүлэлт оюутан бус залуучуудынхаас харьцангуй муу байсан. Оюутнуудын дундаж оноо нь 11 байгаа бол залуусын дундаж оноо 9.1 байсан. Нойрны асуумжийн нийт оноо нь стрессийг үнэлэх асуумжийн оноотой хамааралтай ба стрессийг үнэлдэг оноо нь нэмэгдэх тусам нойрны чанарт нөлөөлж амьдралын чанарын оноо буурдаг.
Иймд нойр таны бие, оюун санааг цэнэглэж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ нойр дутмаг тохиолдолд анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвао, ой санамж цаашлаад амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг учир цагтаа унтаж, хангалттай нойр авч байхыг эрдэмтэд зөвлөж байна.
Ж.ЦОЛМОН АШУ-ы доктор, профессор