Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.04.03 10:51
2068
Томсгосон тойрог залуу улс төрчдөд халгаатай юу?

Бид энэ жил анх удаа УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулах гэж байна. Товлогдсоноор 13 тойргоор бүсчлэгдэж байна. Орон нутагт 7, Улаанбаатарт 6 тойрог. 

Том зургаараа улс төрчид төсвийн мөнгийг жижиглэж, өөрсдийн сонгогдсон тойргийн иргэддээ таалагдах гэж хуваахгүй давуу талтай. Жагсаалтанд орох улстөрчид улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж,  хөрөнгө оруулалтыг автобусны буудал засах, байрны орц коридор засварлахад зарцуулахгүй давуу талтай. Томсгосон тойргоор хоёроос гурван аймгийн иргэдэд таалагдах  гэж гүйхгүй нь давуу талтай. Тэгэхээр бүс нутгийн хөгжлийг дэмжих, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг томоохон бүтээн байгуулалтад фокуслах хамгийн боломжтой хувилбар нь энэ юм.

Гэсэн хэдий ч томсгосон тойрог анх удаа нэр дэвшиж буй улс төрчдөд ихээхэн халгаатай. Олонд танигдаагүй нэр дэвшигчид томсгосон тойргоор 18 хоногийн сонгуулийн сурталчилгаанд өөрийгөө таниулж амжихгүй. Таниулъя гэвэл улс төрчийн халааснаас их хэмжээний мөнгө шаардах болчихоод байгаа. Улс төр судлаач Г.Сүхбат "Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь залуу, танигдаагүй улс төрчдөд ихээхэн халгаатай. Тэд өөрийгөө таниулах гэж их хэмжээний мөнгө зарцуулах болно.

Нөгөөтэйгүүр сонгуулийн тухай хуулиар  200 оршин суугч тутамд нэг ухуулагч ажилна гэж заасан нь томсгосон тойрогт хүн ам ихтэй том тойргуудад ухуулагч нараа санхүүжүүлэхэд их хэмжээний мөнгө төсөвлөх шаардлага гарна. Ялгаагүй мөнгөний сонгууль болох гээд байна.  Улс төрийн соёл хөгжсөн орнуудад ухуулагч нарт тусдаа төсөв гаргадаггүй. Улс төрийн намын гишүүд сайн дураар ухуулга, сурталчилгаа хийдэг. Нөгөө талаас төсвөөс намуудад мөнгө төсөвлөдөг нь нэр дэвшигчдээс дэнчин, хандив нэртэй мөнгө авахгүй байх үндсийг тавьдаг " гэсэн юм. 

Парламентад суудалтай гурван намын хувьд намын жагсаалтад орох үнэ ханш эхнээсээ бусдыг зүрхээр "явуулах" дөхөж байна. МАН-ын хувьд жагсаалтад орох босго дөрвөн тэрбум төгрөг гэх сураг гарч байгаа ч энэ нь доороосоо тоологдох мөнгөний хэмжээ. Жагсаалтын тоо өгсөх тусам мөнгө нь нэмэгдэнэ гэх шум ч яваад байгаа юм. Ийм их хэмжээний мөнгө төлж сонгогдсон гишүүн дөрвөн жилийн хугацаанд үүнийгээ олохын төлөөх өрсөлдөөнд орсноос ялгаагүй. Энэ мэтчилэн дэнчин, хандив нэрээр хөрөнгө мөнгөтэй бизнес бүлэглэлийг нэр дэвшүүлэх нь эх орон ч бус, ашиг хонжоо хайсан  шийдвэр гаргахад нөлөөлөх  нь лавтай. Аливаа шийдвэр сайн бас муу талтай. Тэгэхээр сонгогчид намыг нь биш нэр дэвшигчдийг нь харж, сонголтоо зөв хийх чухал байна.