Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын “Пома” групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн. Өнөөдөр Арцатын аманд дүүжин тээврийн шав тавих ажиллагаа болох юм байна. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтойг тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих ярьсан нь хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаад буй. Тэгвэл бид маргааш нэг шав тавьчихвал түгжрэлийг бууруулахад чиглэсэн гурав дахь төслийн шав тавих нь. Сонгууль угтсан үлгэр биш байгаасай гэж залбирах иргэд цөөнгүй байна. Учир нь "Улаанбаатар метро"-ноос эхлэлтэй түгжрэлийг даван туулах төлөвлөгөө иргэдийн итгэлийг алдаад байгаа билээ. Өмнөх төслийн нээлтүүдийг дурьдвал:
-Э.Бат-Үүл 2012-2016 оны хооронд хотын дарга байхдаа Улаанбаатар метроны “үлгэр”-ийг эхлүүлж, 2020 онд нийслэлчүүд метрогоор зорчино гэж мэдэгдэж байв. Тухайн үед олон улсын Жайка байгууллага ТЭЗҮ-ийг боловсруулж, хэрэгжихэд дөхсөн байсан ч улс төрийн сонгуульд Э.Бат-Үүл ялагдсанаар дараагийн нам энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлээгүй гэх тайлбар хэлж суудаг.
-Одоогийн шадар сайд С.Амарсайхан 2020 онд хотын дарга байхдаа түгжрэлийг бууруулах агаарын дүүжин тээврийн танилцуулгыг Сүхбаатарын талбайд хийж, 2021 оны зургадугаар сард Баянхошуу, Ханын материал чиглэлийн иргэд түгжрэлийг алгасч, агаараар явдаг болно гэж мэдэгдэж байв. Төслийн нэгж хүртэл байгуулан 22 тэрбум төгрөг зарцуулсан.
Тэгвэл маргааш бид үндсэндээ түгжрэлийг тойрохоор гурав дахиа шав тавьж, газар хөндөх нь. Хотын дарга Х.Нямбаатар мөн метро барих олон улсын тендер зарлан хоёр дахь үе шатандаа орсныг зарласныг тооцвол дөрөв дэх нь болж байна.
Тооцоолол, ТЭЗҮ чухал ч түүнээс илүү хэрэгжүүлдэг баймаар байна. Замын түгжрэл иргэдийн амьдралын чанартай шууд хамааралтай байгаа өнөө цагт метро ч тэр, дүүжин тээвэр ч тэр “үлгэр” болж замхарч байгаа нь харамсалтай. Хэдэн жилийн дараа улс төрчид дуусдаггүй, хэрэгждэггүй төсөл эхлүүлэхээсээ ичихгүй зургаа, долоо дахь дүүжин тээвэр, метроны шавь тавиад зогсож байхыг ч үгүйсгэх аргагүй юм.