Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.04.04 15:11
2423
Д.Амартүвшин: 256 мянган төгрөгийг зүгээр баас, архины мөнгө болгоод хувиргачлаа

Иргэн Д.Амартүвшин Либертари нам байгуулан Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдлөө өгсөн ч хүлээж авахгүй байгаа. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

-Либертари намын хувьд Улсын дээд шүүхэд намаа албан ёсоор бүртгүүлэхээр удаа дараа материалаа өгсөн ч дээд шүүх бүртгэж аваагүй. Энэ ямар шалтгаантай байсан бэ? 

-Бид анх өнгөсөн оны 10 дугаар сард хурлаа хийгээд 11 дүгээр сарын үед материалуудаа бүрдүүлээд дээд шүүхэд өгсөн. Тэгсэн чинь дээд шүүх өөрсдөө нэг журам гаргачихсан байна лээ. Тэр журам ямар учиртай вэ? гэсэн чинь 801-ээс их болон багагүй гарын үсэг цуглуулна гэсэн журам байсан. Уг нь хуулиндаа 801-ээс багагүй гэж заасан байдаг. Манайх мянга гаруй хүн бүртгүүлээд гарын үсгээ зурчихсан байсан. Гэтэл үүнээс болоод бүртгэлтэй хүмүүсээсээ хасах шаардлага гарсан. Тэгээд хасаад 801 болгоод өгсөн. Тэгсэн чинь тэр 801 дотроос хаягийн зөрчилтэй, гарын үсэг буруу зурсан гэх мэт шалтгаанаар дахиад буцаасан. Ингэж явсаар бид нар саяхан дөрөв дэх удаагаа материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл дахиж дуудаад материалыг чинь буцаахгүй, түр хугацаанд буюу сонгууль дуустал түдгэлзүүлж байна гэж тайлбарласан. Учир нь сонгуулийн тухай хуульд сонгуулийн өдөр болохоос 90 хоногийн дотор шинээр улс төрийн намыг бүртгэхгүй гэсэн заалт энэ оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн гэж хэлсэн. Ингээд энэ хуулийн дагуу сонгууль дуустал манай намыг бүртгэхгүй гэх хариуг өгсөн. 

-Танай намд улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах хичнээн хүн байгаа вэ?

-Яг гарын үсэг зурсан гэх юм бол 1050 орчим байна. Хоёрхон сарын хугацаанд ийм олон хүн гарын үсгээ зурсан. Дээр нь манай намын гишүүдийн 90 хувь нь 18-30 насны дан залуучууд байгаа. Хамгийн хөгшин гишүүн нь 84 настай хүн байгаа. Хамгийн залуу нь 18 настай. Ер нь бол маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг залуучуудын нам юм. Та бүхний харж байгаа энэ манай Либерти пабд долоо хоногийн пүрэв гараг бүр бид лекц зохион байгуулж байна. Ням гараг бүр сургалтууд хийгээд явж байгаа. Яг манайх шиг олон нийтийг гэгээрүүлэх, улс төрийн боловсрол олгох чиглэлээр ийм идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй өөр улс төрийн нам байхгүй.

-Өмнө нь энэ хууль журмаа сайн судлаад, бүрдүүлэх бичиг баримтуудаа хуулийн хугацаанд нь багтаад өгчихөж болсонгүй юу? 

-Бид нар анх “Мизес Монгол” ТББ-ыг Австрийн эдийн засгийн сургуулийн онол номлол болон эрх чөлөөний үзэл санааг Монголд сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой байгуулсан. Илүү чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, төрийг аль болох жижиг байх ёстой гэсэн онолыг сурталчилдаг ТББ-тай байсан. Харин саяхнаас бид нар "Сонгуулийн тухай хууль" өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ер нь улс төрийн нам болох ёстой юм байна гэж бодсон. Тэгж байж бидний үзэл санаа илүү олон хүнд түгэх юм байна, макро эдийн засаг гэдэг чинь угаасаа улс төртэйгөө салшгүй холбоотой байдаг учир улс төрийн нам болохоор шийдсэн. Ингээд маш богино хугацаанд маш олон хүмүүсийн дэмжлэгийг авч чадсан. Уг нь бол заавал зуураад л намыг маань бүртгэхгүй байлгах шаардлагагүй л гэж харж байгаа. 

-Ер нь сонгуульд оролцуулахгүй байх далд зорилго байгаа гэж харж байна уу?

-Шууд тэгж хэлэхэд хэцүү. Гэхдээ ер нь хуулиа давсан журам гаргасныг харахад зөвхөн манайхыг ч биш жижиг намуудын бүртгэлийг сонгуулийн үеэр багасгах бодлого баримтлаад байна уу гэж харж байгаа.

Сүүлийн үед шинэчилсэн Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэргийг хараад байхад аль болох намуудыг цөөлж хоёр намын тогтолцоо руу явах бодлого бариад байна гэж харж байна даа. 

-Хэрвээ энэ сонгуульд танай нам оролцох боломжтой байсан бол хэдэн нэр дэвшигчтэйгээр яаж оролцох байсан бэ?

-Хуулийн дагуу л оролцох байсан. Листэнд хүмүүс байршуулах ёстой, тойргууд руу хүмүүсээ явуулах ёстой гэх мэт яг журмых нь дагуу л оролцох байсан. Бид үзэл санаа түгээдэг нам. Сонгуульд орж зөвхөн эрх мэдэлд очих гэхээсээ илүү хүмүүст яагаад бид төрийг жижиглэх ёстой юм, яагаад бид бага татвартай байх ёстой вэ гэдгийг ойлгуулж, мэдээлэл өгөх ёстой нам. Өнөөдөр Монголчууд маш өндөр татвар төлж байна. Бид ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг хэрнээ бидний цалингийн талаас илүү хувь нь татвар, шимтгэлд суутгагдаж байна шүү дээ. Энэ татварын хэмжээг харахад боолчлолын хэмжээнд очсон байна. Энийг л хүмүүст ойлгуулмаар байна. Хүмүүс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа төлж байгаа татвараа өөрөө ч анзаарахгүй төлөөд байгаа юм. Яг үнэндээ маш олон төрлийн татваруудыг бид нар бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа давхар төлж байдаг. Дээр нь цалингаас авч байгаа татвар ямар их билээ. Бид нарын цалин буухад 30 хувийг нь өм цөм аваад л явчихдаг биз дээ. Дээр нь инфляц үнийн хөөрөгдөл гэж асуудал байна. Энэ чинь бидэнд мэдэгдэхгүйгээр төрөөс төв банкаар дамжуулаад мөнгө хэвлээд өөрсдийгөө санхүүжүүлээд бидний хадгаламжинд байгаа мөнгийг үнэгүйдүүлэх замаар өөрсдийгөө санхүүжүүлж байгаа юм. Гэвч энийг бид ерөөсөө олж хардаггүй. Ингээд энэ бүгдийг нийлүүлээд харахаар бид 60-70 хувийн цалингаа төрд зүгээр л дээрэмдүүлж байгаа юм. Энэ шударга юм уу? Бид ингээд л яваад байх ёстой юм уу? Хамгийн гол нь төр татвараа авахдаа ингээд дарамталж байгаад авчихаад эргээд зарцуулалт нь ямар байгаа билээ? Зарцуулалт нь өнөөдөр маш үрэлгэн, ерөөсөө гарын салаагаар урсгасан байдалтай байна. Энэ бүхнийг хүмүүст ойлгуулах нь үзэл санааны нам гээд явж байгаа бидний зорилго юм. Хүмүүс энийг ойлгочихвол заавал бид нарыг сонгодоггүй юмаа гэхэд ядаж л ирж байгаа УИХ-ын гишүүнээсээ энэ бүхнийг асууна биз дээ. Та нар татвар нэмэхгүй гэсэн яасан бэ? Татварыг өндөр авлаа гээд бидний амьдрах орчин ямар байгаа вэ гэх мэтчилэн асууж эхлэх болно. Утаа, үер гэх мэт бидний эрүүл мэндтэй холбоотой асуудлаа шийдэхгүй байж малчдын зээлийг хүүг төлнө гээд явж байгаа нь шударга байдал мөн үү? Хамаг татвар төлдөг хүмүүс чинь Улаанбаатар хотод байгаа биз дээ гээд асуудаг болно. 

-Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашиг тарааж эхэлнэ. Үүнийг эдийн засгийн талаас ямар үр дүнтэй гэж харж байна. Сонгууль дөхсөнтэй холбоотой шийдвэр мөн үү?

-ЭТТ ХК чинь өөрөө хэдэн их наядын өртэй компани. Тийм их өртэй компани яагаад мөнгө тараагаад байгаа юм гэж гайхаж байна.

Хоёрдугаарт ногдол ашиг заавал өгөх ёстой юм бол яагаад өнгөрсөн гурван жил огт өгөөгүй юм бэ? Энэ чинь угаасаа сонгогчдыг худалдаж авч байгаа процесс л гэж харагдаж байна. Энэ цаанаа бол маш аюултай үр дагавартай. Нэгдүгээрт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөнө. Зах дээр зогсож байгаа хүмүүс дуртайдаа үнээ нэмдэггүй шүү дээ. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдээгүй байхад зах зээл рүү ийм их хэмжээний мөнгийг цутгах юм бол инфляци өснө. Өөрөөр хэлбэл эрэлт ихэсвэл үнэ нэмэгдэнэ. Энэ бол зах зээлийн хууль. Бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдээгүй, нийлүүлэлт нь хэвээрээ байгаа ч эрэлтийг нь хүчээр огцом ихэсгэвэл ийм л юм болно. Энэ тарааж байгаа 256 мянган төгрөг нь үүнээс болж үүсэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хажууд шүлс шиг бага байх болно. Дээр нь энэ сараас төрийн албаны цалин, ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдсэн. Ингэж их хэмжээний мөнгийг ганцхан сарын дотор зах зээл рүү цутгаж байгаа нь үнийн өсөлтийг дээд цэгт нь хүргэх болно. Ингэснээр иргэдийн амьдрал улам л хүнд болно гэсэн үг. Мөн бидний нүдэнд харагдаж нэг муухай үйл явдал болно.

Яг мөнгө тараасан өдөр битүү архидалт болдог. Ерөөсөө гудамж, гудамжны архичид нийлээд л долоо хоног архиддаг.

Уг нь энэ мөнгийг өөр зүйлд зарцуулах боломж байсан. Гэтэл зүгээр баас болгоод, архичдын архины мөнгө болгоод л хувиргаж байна даа.Үүнээс болоод маш их гэр бүлийн хүчирхийлэл гарна. 

-Танай нам ямар ч байсан энэ сонгуульд орохооргүй боллоо. Дараагийн сонгууль дахиад дөрвөн жилийн дараа болно. Энэ хугацаанд цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах гэж байна?

-Ямар ч байсан сонгууль дууссаны дараа бид намаа албан ёсоор бүртгүүлэх үйл ажиллагаанд орно. Мөн манай удирдах зөвлөл хуралдаж байгаад энэ сонгуульд намаараа орж чадахгүй юм бол өөр байдлаар яаж орох боломж байна вэ? гэдэг талаар ярилцана. Тэгэхээр энэ сонгуульд ямар нэгэн байдлаар оролцоно гэсэн бодолтой байна. 

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.