Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдрөөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн бүхэн гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг. Тиймдээ ч дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн бэлгэшээдэг.
Ханш нээх энэхүү өдөр Самбалхүндэвийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд бурхан болоочдодоо зул барьж, оройн ерөөл ном хурж, тэнгэрт байгаа хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ дайх арга хэмжээ боллоо.
Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 14323 чандар шүтээнийг залсан байна. Энэхүү дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын явц бүрэн дууссан эсэхийг “Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяагаас тодрууллаа.
Тэрээр, “2023 оны аравдугаар сард Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болсон. Энэхүү төсөл гурван үе шаттай. Хоёр дахь үе шат бүрэн хэрэгжиж дууссан. Гурав дахь шатны “Буяны нэгдсэн төв” цогцолборын байгуулалтын ажил ирэх хавраас хийгдэхээр төлөвлөсөн.
Бид бурхан болооч болоод тэдгээрийн ар гэрийнхэнд амар амгалан, сэтгэлийн тайвшралыг өгөхийг нэн тэргүүний зорилго болгон үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.
Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн менежер Н.Түвшинбаяр:
“Бидний хэлж заншсанаар 70 давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2022 онд эхэлсэн. 2022 оны дөрөвдүгээр сард төслийн талбайд багтсан шарилыг түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, нийтдээ 14323 бурхан болоочийн шарилыг түр хугацаанд нүүлгэн шилжүүлээд 2023 оны есдүгээр сард бурхан бологсдын ар гэрийг байлцуулан хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд буцаан залсан.
Одоогийн байдлаар нийтдээ 14230-аад чандар шүтээнийг залсан байна.
Ханш нээх энэхүү өдөр бурхан болоочдоо зориулж оройн ерөөлийг хурж байна. Энэ 10 га талбайд багтсан иргэдийн мэдээллийг Sambalhundev.mn хайлтын системээс хайх боломжтой” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: