Г.Лхагвадулам
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.06 19:30
16780
Өсөн үрждэг баялаг ба “Цагаан алт” үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд ажиллалаа.

Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлж, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг. 

Тэрээр малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй юм.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарынхан болон арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэй уулзан, тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийг эрэлхийлж санал солилцлоо.

ТҮҮХИЙН НООСЫГ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОН ЭКСПОРТОЛЖ БАЙНА

Монгол анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгон дотооддоо төдийгүй гаднын 20 орчим улсад экспортолж байна. Өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын оймсны зах зээлийн 60 орчим хувийг хангадаг байна.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”, “ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН АДИЛ ДАЛАЙЦТАЙ ДЭМЖИХИЙГ ХҮСЭВ

“Булигаар” ХК нь Монгол улсын арьс ширний салбартаа анхдагч болж олон улсын “LWG” стандартыг нэвтрүүлэн, гэрчилгээгээ авсан юм. Тус үйлдвэрийн хувьд үхэр болон ямааны арьсанд эцсийн боловсруулалт хийн дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй иргэнд нийлүүлж байна. Түүнчлэн хагас боловсруулсан вет-блю болон краст түвшинд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

Олон улсын “LWG” стандарт нь арьс ширний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын явцыг байгаль орчин, химийн бодисын менежмент, ханган нийлүүлэлт, зохистой хэрэглээ, эрүүл мэнд, болон аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага зэрэг асуудлуудтай холбоотойгоор үнэлэх зорилго бүхий байгаль орчны олон улсын аудит юм.

“Мон-Ирээдүй” ХХК нь арьс, шир зэрэг түүхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд гаргахын зэрэгцээ бог малын арьсаар зөөлөн савхи, гутлын дотор эдлэлийн зориулалттай савхи, бодын ширээр гутлын дээд бие, цүнхний зориулалттай арьс, шир үйлдвэрлэж байна. Тус компанийн хувьд 2020 онд салбартаа анхлан Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, арьс ширний салбарын хөгжлийг  шат ахиулжээ.

ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТ ХАМГИЙН ТОМ ДЭМЖЛЭГ

Монголын анхны хувийн гутлын үйлдвэр “Хос аз” ХХК жилд нэг ээлжиндээ 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдөрт 300 хос гутал зах зээлд нийлүүлдэг. Нийт гутлын 80 хувийг Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг хүчний байгууллагуудын офицер, албан хаагчдын гутал, хөдөлмөр хамгааллын, тусгай зориулалтын гутал эзэлж байна. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон тусгай хэрэгцээний бүх төрлийн гутал үйлдвэрлэж байна.

Гутал үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч "Бэст шүес" компани 2024 оноос гутлын түрийнд гадуур улыг шууд цутгадаг автомат машиныг эх орондоо анх нэвтрүүлжээ. Эдүгээ 100 гаруй ажилтантай, суурилагдсан хүчин чадал нь өдөрт 600 гаруй хос гутал үйлдвэрлэх боломжтой ч зах зээлийн эрэлтээс шалтгаалан хагас хүчин чадлаар ажилладаг аж. "Дотоодын гутлын үйлдвэрүүдээ төрийн худалдан авалтаар дэмжих нь хамгийн том дэмжлэг болно" гэдгийг уг салбарын баялаг бүтээгчид хэлж байв.

ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ ТЕХНОЛОГИ БА ХОНИНЫ ХАЯГДАЛ НООСОН БОРДОО

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах нь “Монпеллетс” био бордооны үйлдвэр нь хонины угаагаагүй хаягдал ноосоор бордоо үйлдвэрлэж дотооддоо төдийгүй гаднын улс руу экспортолж байна. Үйлдвэрлэлийн технологи нь зөвхөн угаагаагүй хонины ноос хэрэглэдэг бөгөөд химийн болон нэмэлт туслах бодис, ус ашигладаггүй дэлхийд цор ганц технологи ажээ. 

НООЛУУРАА САМНАЖ ЭКСПОРТЛООД 600 САЯ АМ.ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖТОЙ

"Ханбогд Кашимер" ХХК нь 500 гаруй ажилтантай бөгөөд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм байна. Жилд 1,500 гаруй тонн ноолуур боловсруулж, 200,000 ширхэг сүлжмэл, 150,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд ноолуурын экспортоор тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг болж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж иржээ. Цаашид манай улс ноолуураа самнаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 4,000 ажлын байр бий болж, 600 сая ам.долларын орлого олох боломж байгаа тухай гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг уулзалтын үеэр хэлж байв.

НООЛУУРЫГ ОРЛОХ МОНГОЛ ХОНИНЫ НАРИЙН НООС

Үндэсний үйлдвэрлэгч “Могол Ноос” ХХК нь “Могол” брэндийн ноосон даавуу, драп, пальто, пиджак, нэхмэл шааль, ороолт зэрэг оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ самнах болон ээрмэл утас, оёдлын үйлдвэрлэл эрхэлж байна. Тус компани Монголдоо анх удаа хонины ноосноос ноолуурыг ялгаж, 100% ноосон болон 10%, 30% ноолуурын холиотой ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсаараа ноосон болон ноолуурын холиотой даавууг үйлдвэрлэж байна.

16 ЖИЛИЙН ТУРШ КЛАСТЕРААР АЖИЛЛАЖ ИРЖЭЭ

"Блю Скай Кашемир" ХХК-ийн үйлдвэр технологийн иж бүрэн цогцолбор нь ямааны ноолуур, хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг боловсруулан утас болгож, хөнжил, даавуу, драп, плед, алчуур, шааль, ороолт, малгай, өмд, цамц, пальто зэрэг 1000 гаруй нэр төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын төдийгүй гадын 10 гаруй улсад нийлүүлж байна. Жилд 250 тн ноос, ноолуур будах, 60 тн ээрмэл утас, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 100 гаруй ажлын байрыг бий болгоод байна.

Сарлагийн хөөврийг боловсруулж, үнэ цэнийг нь 10 дахин өсгөжээ

"Бодиос" брэндээрээ олны танил болсон "Баялаг-Өлзий” ХХК 2005 оноос торомны ноос, сарлагийн хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын сүлжмэлийн үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн түүхтэй. Торомны ноосыг том тэмээний ноосноос тусад нь ялгаж боловсруулдаг технологийг эх орондоо анх нутагшуулсан байна. Өдгөө 150 гаруй ажилтантай, жилд 100 мянган бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүлжмэлийн үйлдвэр, 410 тн бохир ноолуур угаах, 60 тн самнасан цагаан ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай анхан шатны боловсруулах үйлдвэртэй, түүхий эд бэлтгэлийн бааз суурь бүхий 700 өрхийг хамарсан хоршоотой болжээ.

"Цагаан яамаат кашемир" үйлдвэр зөвхөн цагаан ноолуур боловсруулдаг, олон улсын ноолуурын мөрдөн мөшгөх системийн тогтолцоо хэрэгжүүлсэн байна. Өмнө нь огт ашигладаггүй, байгалийн жамаараа гуужиж хаягддаг байсан сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх аргыг малчидтай хамтран боловсруулж, хөөврийг нь худалдаж авдаг болсноор үнэ цэнийг нь 10 дахин өсгөж чаджээ.

УС, СҮҮГ УРВАЛД ОРУУЛАХГҮЙ, ХҮНС МУУТГАХГҮЙ ЭКО САВЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог. “Эко усны сав” ХХК БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна. Эко усны саванд хадгалсан хүнсний зориулалтын шингэн зүйл химийн урвалд орохгүй, хүчил шүлт бусад химийн идэмхий бодист тэсвэртэй шинж чанартай гэдгийг хэллээ.

Үндэсний үйлдвэрлэлийн тулгын чулуу болсон хөнгөн аж үйлдвэрлэл

Үндэсний үйлдвэрлэгч “Чиглэл” ХХК ундны усны 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан нийтийн хоолны тоног төхөөрөмж, сав баглаа боодлыг хэрэглэж хэвших нь гаднаас орж ирж буй зориулалтын бус хуванцар савны хэрэглээнээс үүсэх өвчин эмгэг, хорт хавдар зэргээс сэргийлэх ач холбогдолтой.

Сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгч “ОБ Пластик” ХХК нь 170 орчим ажилтан, 70 орчим машин, тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоодын гялгар уут, баглаа боодлын зах зээлийн 50-60 хувийг дангаараа хангадаг байна.

“ЭкоПак Монгол” ХХК-ийн цаас дахин боловсруулах үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч, 100 хувь саарал ус ашиглан хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаасыг үйлдвэрлэж байна. Хоногт 30 тонн бор цаас үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр жилд дунджаар 25.2 сая ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэх боломжтой юм. Энэ нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авч буй зардлыг дотооддоо үлдээх боломжийг бүрдүүлж байна.

“Монлабел” компани нь үндэсний үйлдвэрлэгчдийн, ялангуяа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгыг олон төрлийн материал дээр үйлдвэрлэж дотоодын хүнс үйлдвэрлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.

“Шинэ Гантиг” ХХК нь 2016 оноос Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарт уул уурхайн хүнд даацын шуудай үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани нь уул уурхайн хүнд даацын шуудайны зах зээлийн ууган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд уг салбарт байгуулагдсан 2 дахь үндэсний үйлдвэрлэгч юм.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Доктор (Ph,D), профессор Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг сайжруулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилго тавин “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, уг хөдөлгөөн хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Үр дүнд нь баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, зохих амжилтад хүрэхийн зэрэгцээ хэд хэдэн экспортын үйлдвэрүүд шинээр бий болсон. Цаашид хөнгөн үйлдвэрийн салбарыг шинэ шатанд гаргах, тэр дундаа өсөн үрждэг баялаг болох мал аж ахуйн салбарт малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах, үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах чиглэлд бодит үр дүн гаргах шаардлагатай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орон даяар өрнүүлэхээр төлөвлөж буй юм.

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний адил арьс, ширний үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар далайцтай дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийг эргэж харах шаардлагатай, ингэвэл кластер хэлбэрээр хөгжих бүрэн боломжтой

“Бэст шүес” ХХК-ийн захирал Б.Түвдэнням: “Бид гаднын улсууд шиг дотоодын бүтээгдэхүүнийхээ чанар, хэрэглээг ухамсарласан, үнэнч хэрэглэдэг байдлаас суралцах хэрэгтэй. Нийтийн нүдэнд харагддаггүй болохоос манай улсын гутал үйлдвэрлэлийн чанар, түүхий эд, технологийг, үйлдвэрлэгч орнууд сонирхож, туршлага судалдаг.

Монгол улс жил бүр 6 сая орчим гутал импортоор оруулж ирж худалдаалдаг. Манай улсын дотоодын гутлын үйлдвэрүүд ердөө 5 хувь хүрэхгүй хувийг л ханган ажилладаг. Үндсэндээ 40 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн гаднын гутал үйлдвэрлэгчдийг дэмжихэд зарцуулдаг байна.

“Монпеллетс” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Цогбадрах: Манай улс жилд 170 сая ам. доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг юм. Учир нь хүнсний ногоо тариалагч жижиг, дунд аж ахуйн нэгжүүд био бордоог худалдан авах чадвар бага. Иймээс төрийн бодлогоор дэмжих, ялангуяа кластерийн системд оруулан зохицуулалт хийвэл богино хугацаанд иргэдээ эрүүл ногоогоор хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, импортын бордоог орлох бүрэн боломжтой. 

2023 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 25 хувийг дангаараа бүрдүүлж байна. Ноос, ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас, хэвлэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр 3,200 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрт 44 орчим мянган хүн ажиллаж байгаа юм.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалахад томоохон дэмжлэг болсонд компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний адил хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар далайцтай дэмжих, урт хугацаатай хүү багатай зээл олгож, татварын бодлого болон төрийн худалдан авалт зэргээр дэмжвэл хөнгөн үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжиж дотоодын хэрэгцээг хангаж, экспортоо нэмэгдүүлэх боломжтойг уг салбарт баялаг бүтээж буй үндэсний үйлдвэрлэгчид хэлж байлаа.

Мөн иргэн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч хэрэглэгч байх нь “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, экспортлогч орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх гол тулгуур гэдгийг хэлэв.