Худалдааны гавъяат ажилтнаар энгэрээ цоолоод удаагүй С.Сэргэлэнгийн үүсгэн байгуулсан Чингэлтэй дүүрэг 7-р хороонд байрлах “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн агуулахт өнөөдөр өглөө гал гарсан. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах дөрвөн ч ангийн бие бүрэлдэхүүн, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан юм. Зоорийн давхартай нийлээд гурван давхар 150 ам метр талбайд гарсан галыг бүрэн унтраасан ч нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.
Тус дэлгүүрт гал гарж, харамсалтай үйл явдал болж байгаа нь зөвхөн энэ удаад биш. Өнгөрсөн оны зун зургадугаар сарын 23-нд мөн СБД-ийн III хороо Аса Циркийн ойролцоох "Миний дэлгүүр"-ийн В1 давхарт агааржуулалтын системийн хөргөгчний пирон шатсанаас хоёр иргэн нас барж, нэг нь түлэгдсэн харамсалтай хэрэг гарч байсан.
Ийнхүү галын даллага авахуулсан уу гэлтэй тус дэлгүүр жил хүрэхгүй хугацаанд маш том хоёр ч осол гарч, гурван ч хүний эрдэнэт амь үрэгдлээ. Улаанбаатар хотод 30 гаруй салбар, 2000 ажилтантай гэх тус групп аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөж, эрсдлийн үнэлгээ хийлгэж байсан бол энэ мэт ослууд шил дараалан гарахгүй байлаа. Өнөөдрийн гал гарсан шалтгаан нөхцөл, шинжээчийн дүгнэлт хэдий гараагүй ч хэн нэгний хариуцлагагүй үйлдэл, чанаргүй барилга түүнийг нь хүлээж авсан улсын комиссоос үүдэн гарсан гамшиг осол, гал түймэрт хэдэн аавын хүү амиа өргөх вэ. Өнөөдрийн гарсан галаас үүдэн гарсан материаллаг хохирлыг магадгүй даатгал нөхөн төлөх ч амиа алдсан алба хаагчийн амийг хаанаас нэхэх вэ.
Нас барсан алба хаагч бага насны таван хүүхэдтэй байжээ. Талийгаач тэтгэвэрт гарах өргөдлөө өнгөрсөн оноос хойш удаа дараа өгсөн ч авч хэлэлцэхгүй байсаар өнөөдөр өглөө ажилдаа яваад эргэж ирэхээргүй тэнгэрт дэвшжээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэр, үр хүүхдийг насанд хүртэл нь хэн хариуцах вэ. Тангараг өргөсөн төр нь иргэнээ хариуцаж, үлдсэн үр хүүхдийг нь харж хандах уу. Эсвэл гал гарсан объект “Миний сүлжээ” дэлгүүрийнхэн хариуцах уу?