Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2024.04.09 19:24
2767
Эвдэрсэн цахилгаан бараагаа хаях гэж бүү яар

Налайх дүүрэг 3-р хороо Барилгын материал үйлдвэр технологийн паркт нэгэн стратегийн ач холбогдол бүхий старт ап үүсгэн байгуулагдсан нь Электроникийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэрт өнөөдөр /2024.04.09/ Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажиллалаа.
 “New method” буюу шинэ хэв маягаар цахилгаан бараа, комьпютер технологийн салбарын хог хаягдлыг дахин боловсруулж, зэс, хуванцар, төмөр хөнгөн цагаан гээн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Та бид эвдэрсэн цахилгаан бараа, гар утас цэнэглэгч, үеэ өнгөрөөсөн  комьпютер зэргийг шууд л хог дээр хаячихдаг. Заримдаа бүр хаях газар олдохгүй байх нь бий. Гэтэл энэхүү хог хаягдлыг газар булах байдлаар устгадаг нь эргээд байгаль экологид хор хөнөөлтэй, дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлтөд  ч ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Тэгвэл байгальд хортой эдгээр бүтээгдэхүүнийг ангилан ялгаж,  100 хувь дахин боловсруулснаар хог биш алт болгож , бүр гадаад улс руу экспортлох үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ.

2019 оноос хойш судалгаа хийж, ТЭЗҮ-ээ баталснаар 2023 оны есдүгээр сард үйлдвэрийн анхны шаваа тавьжээ. Тус үйлдвэр хог хаягдлыг ангилж,  үйлдвэрийн шат дамжлаганд оруулснаар долоо хоногт 7-8 тонн, сардаа 30-40 тонн 99,999 сорьцтой  цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай.   Лондоны металын биржид тонн тутамдаа 9000 ам.доллараар хэмжигдэж буй зэсийг тус үйлдвэр  экспортлоод эхэлвэл манай улсын төсөв татварын мөнгөөр зузаарч, үйл ажиллагаа нь жигдэрч, хог хаягдлын зөв менежменттэй болох стратегийн олон ач холбогдолтой юм.


Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Маш хурдацтай цахимжиж байгаатай холбоотой электроникийн хог хаягдал ихээр бий болох болсон. Айл бүхэнд байдаг эвдэрхий цахилгаан бараа, удирдлага,  гар утас, хоцрогдсон комьпютер зэрэг хог хаягдлыг дахин боловсруулж байгаа нь байгаль экологид ээлтэй стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр байна. Түүхий  эд нийлүүлэлтэд төрийн байгууллагууд илүү идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна “ гэсэн юм.

New method” компанийн  үүсгэн байгуулагч Б.Энхбаяр “Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд 120 орчим тонн түүхий эд цуглуулах  шаардлагатай.Хувийн хэвшил дуртай хамтарч ажиллаж байгаа бол төрийн байгууллагад бичиг цаас өгөөд ч хариу өгөхгүй байна. Япон улсад сард нэг удаа айл өрхөөс дахин боловсруулагдах электроникийн хог хаягдлыг авдаг өдөртэй. Бид мөн оршин суугчдыг хогоо ангилан ялгадаг болох дадалд хэвшүүлэх хэрэгтэй байгаа” гэлээ.

Энэхүү үйлдвэрээр ороод гарвал ангилвал алт, холивол хог гэх үгийн утгыг утгаар нь ойлгоно. Байгальд маш удаан задардаг химийн нэгдэл бүхий электрон хог хаягдлаа  иргэн бид СӨХ-тойгоо хамтран цуглуулаад өгөх нь  ирээдүйд, дэлхийн дулаарлын эсрэг оруулж байгаа том хувь нэмэр болох юм. Нөгөөтэйгүүр тоног төхөөрөмжийн шинэчлэл ойр ойрхон хийдэг ААН, агуулах саваа суллахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм байна. Таны хаясан хогийг тэнд боловсруулж, цэвэр зэс ялган авч экспортлоход бэлэн байна. Та бүхэн холбогдож, хуучирч муудсан электрон бараа, электроник хог хаягдлаа өгөхийг хүсвэл  99999571 дугаарт холбогдоно уу.