Орон нутаг
2024.04.10 17:35
2117
Зээлийн батлан даалтын сан Хойд бүсийн салбараа Орхон аймагт нээлээ

Ипотекийн зээл авах гэсэн ч урьдчилгаа мөнгө нь хүрэхгүй байгаа, эсвэл бизнес эхлүүлэхээр зээл авах хүсэлт гаргасан ч барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа иргэдэд зээлийн батлан даалтын сан чухал дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл өчигдөр "Зээлийн батлан даалтын сан"-гийн хойд бүсийн салбар Эрдэнэт хотод нээлтээ хийлээ.

Хойд бүсийн салбар нээгдсэнээр Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, Жижиг дунд үйлчилгээ эрхлэгч нар бизнесийн болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдлээ.

Эрдэнэт хот нь ипотекийн зээлийн эрэлт хамгийн өндөр хотуудын нэг. Орон нутгийн хөгжлийн дэмжих гол суурь нь орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх юм. Тэгвэл урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж чадахгүй байгаа залууст "Зээлийн батлан даалтын сан" чухал дэмжлэг болно. Тус "Зээлийн батлан даалтын сан"-гийн нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ЗБДС-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, ЗБДС-ийн Хойд бүс хариуцсан салбарын захирал М.Баярцогт, Орхон аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт, Орхон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, МҮХАҮТ-ын Орхон аймаг дах салбар танхимын тэргүүн М.Ганбат нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Ц.Ананбазар: Бизнес хийх гээд банкинд очиход банк танаас зээл өгөхийн тулд барьцаа нэхдэг. Байгаа барьцаагаа үнэлээд хэлэхээр авах гэж буй зээлийн талд ч хүрдэггүй. Залуу хүн болгоны мөрөөдөл нь бизнес эхлүүлэх байдаг. Бизнес эхлүүлэхэд хамгийн том саад болдог зүйл нь барьцаа хөрөнгө юм. Тэр дундаа орон нутагт хөдөө аж ахуйн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө огт шаардлага хангадаггүй. Энийг шийдэх ганц арга бол зээлийн батлан даалтын сан байгаа юм. Энэ санд хандсанаар авах гэж буй зээлийн 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалтын сан баталгаа гаргаж өгөх юм. Ипотекийн зээлээр байранд орох гэж буй залууст ч мөн дэмжлэг үзүүлнэ. 30 хувийн урьдчилгаа өгөхийн тулд банкнаас зээл авлаа гэж бодоход барьцаа хөрөнгө нь 10 хувьд нь хүрэхэд л үлдсэн 20 хувьд батлан даалт гаргаж өгөх давуу талтай юм. 

ЗБДС-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан: ЗБДС бол өдийг хүртэл салбаргүй ажиллаж явсан. Энэ оноос эхлээд гурван салбарыг хангайн бүс, зүүн бүс, хойд бүсэд нээлээ. Тодруулбал Дорнод, Өвөрхангай, Орхон аймагт нээж байна. Энэ нь Улаанбаатар хотыг төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг Засгийн газрын зорилгын хүрээнд явж буй ажил юм. Тухайлбал орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулахад чухал нөлөөг үзүүлнэ.