Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.04.11 13:57
1675
Монголбанкны газрын захирал Б.Баярдаваа:Хэрэглээний зээлтэй малчинд хөрөнгө оруулалтын  зээл давхар олдоно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг өчигдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл батлагдсанаар ЗГ-аас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин " хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Тэрхүү хөтөлбөрт уламжлалт бэлчээрийн МАА-г хагас  эрчимжсэн МАА руу шилжүүлэх байдлаар  цаг агаарын  өөрчлөлт, нөлөөнд автаж буй малчдын  амьдралыг  сайжруулах, орлогыг өсгөх,  нэмүү өртөг  шингээхэд  чиглэгджээ. Үүний тулд арилжааны банкнаас хоршоонд нэгдсэн малчинд  50 хүртэлх  сая төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгохоор хөтөлбөрт тусгаж буй. Тэгвэл энэхүү хөтөлбөр хэрэгжих нөөц боломж банкуудад бий юу. Төвбанкны Мөнгөний бодлогын газрын  дарга Б.Баярдаваагаас тодрууллаа.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн чинээлэг малчин хөтөлбөр хэрэгжих боломж хэр вэ. Малчдад зургаан хувийн зээл олгоод  зөрүүг татаас хэлбэрээр улсын төсвөөс гаргана гэж байна шүү  дээ?

-Хоршооны малчдад олгох санхүүжилтийн эх үүсвэр нь арилжааны банкных. Зургаан хувийн  хүүг малчин төлж байгаа ч нийт  хүүгийн зардал 18-19 хувь. Тэгэхээр зөрүү 12-13 хувийг улсын төсвөөс татаасаар  олгож байгаа. Сайн малчин, ажлын байрыг дэмжих гурван хувийн  хүүтэй зээлтэй системийн  хувьд ижил юм.

Арилжааны банкууд ХАА-н салбарт  олгох зээлээ энэ хөтөлбөрт чиглүүлнэ гэсэн үг. Гэхдээ хэрэглээний зээлээс юугаараа ялгаатай вэ гэхээр хөрөнгө оруулалт руу чиглэнэ.

ХАА-д гарч байгаа зээлийг  илүү нэмүү  өртөг шингэх, анхан шатны боловсруулалт хийхэд чиглэх,борлуулалтын сүлжээнд  холбох зорилготой. Энэ тогтолцоог  бүрдүүлэхэд юу хэрэгтэй байна вэ гэхээр анхан шатны боловсруулалтыг үрдүнтэй байлгах, тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийх  хэрэгтэй байгаа. Амжилттай хэрэгжүүлэхэд олон хязгаарлагч хүчин зүйл бий.  Малчид  тухайн боловсруулалт, тээвэрлэлтийг хийх боломж, хүний нөөц, мэдлэг ур чадварын хувьд хязгаарлагдмал. Тэр байтугай мал маллах  хүний нөөцийн  хувьд ч хязгаарлагдмал  болж байна.  Үүнийг шийдэхийн  тулд хувийн  өмч дээр тулгуурласан малчид хөдөлмөрөөр хорших загвар юм. Арьс шир боловсруулах, махыг анхан шатан дээр бойлох, чанарын шаардлага алдагдуулахгүйгээр хадгалж, эцсийн хэрэглэгчдэд хүргэх, үүний тулд хөргөгч хөлдөөгч гээд хөрөнгө оруулалтын шинж чанартай зүйл байгаа. Хөрөнгө оруулалтын чанартай зүйл богино хугацаанд үр дүн өгөхөөс илүүтэйгээр бизнесийн мөчлөгийн дараагийн үе рүү орж байж  эхний орлоготой золгодог.

ТЭГЭХЭЭР ДОР ХАЯЖ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, ЭХНИЙ НЭГ  ЖИЛД ҮНДСЭН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУД ОЛГОХ ГЭЖ БАЙНА.

-Малчид бүгд хэрэглээний зээлтэй байгаа. Хэрэглээний зээлтэй малчдад хөрөнгө оруулалтын  зээл давхар олдох уу?

-Олдоно. Үүн дээр  ямар нэг хязгаарлалт байхгүй. Хэрэглээний зээл бол арилжааны банкнаас арилжааны нөхцлөөр малаа барьцаалж авж байгаа зүйл. Энэ хөтөлбөр бол хэрэглээний зээл биш  хөрөнгө оруулалтын зээл. Яг төслийн  дагуу зарцуулагдах уу үгүй гэдгийг  Монголбанк, арилжааны банкууд  хянана. 

Дээрээс нь Зээлийн батлан даалтын сан орж ирнэ. Хөрөнгө оруулалтын зээл учраас хэрэглээний шинж чанартай зээл болж хувирахгүй гэсэн үг. Тэгж байж хөтөлбөр үр дүндээ хүрнэ. Монголбанкны харж байгаагаар  энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр малчдын  нэмүү өртөг бий болох юм байна. Өртгийн сүлжээнд холбогдож чадах юм байна. Үүний анхан шатны хэрэгцээг арилжааны банкууд  олгож,  татаасыг нь арилжааны банкууд олгох  юм байна гэж харж байна.  Малчид цаг агаарын эрсдэлд өртөхгүйн тулд  хагас эрчимжсэн МАА-г  санал болгож байна. Ургамлын гарц ховордож, цөлжилт эрчимжиж байгаа үед уламжлалт олон  тооны МАА маш  өндөр эрсдэлтэй болж байгаагаас тэжээлийн ургамал тариалдаг, түүгээрээ малаа тэжээдэг байдлаар эрсдлээ бууруулах юм байна гэж ойлгож байгаа.

-Арилжааны банкууд маш өндөр шаардлага тавьдаг. Тэрхүү шаардлагад малчин өрх маань тэнцэж зээл авч чадах уу?

-Малчид, хоршоо дээр тавьж байгаа шаардлага юу байгаа вэ гэхээр тодорхой хэмжээний бизнес төсөлтэй байх  хэрэгтэй. Зоорь барина. Махаа хадгалахын  тулд,  эсвэл тээвэрлэхийн тулд ийм тээврийн  хэрэгсэл хэрэгтэй гэдэг юмуу ийм  төслүүдтэй байх хэрэгтэй.  Эрсдэлтэй бол арилжааны банк мэдээж зээл олгохгүй. Амжилттай хэрэгжих төсөлд  банкууд зээл олгохдоо эрсдлийг нь яаж бууруулах вэ гэхээр Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн батлан даалт гаргана. Бага хэмжээний буюу 20 саяас доош хэмжээний зээлэнд 100 хувь, түүнээс дээш хэмжээний мөнгөнд 80, 90 хувийн батлан даалт гаргах учраас арилжааны банкинд ирэх эрсдэл бага гэж үзэж байна.