Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.04.12 17:35
2151
Ш.Төмөрсүх: Үндэсний аудитын газар намуудын мөрийн  хөтөлбөрөөр ШОУДАЖ байна

Эрх чөлөөг  хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс цаг үеийн  асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд олон нам  эвсэл оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө ҮАГ илгээлээ.Танай намын бэлтгэл ажил хэр байна?

-Улс төрийн намын гол зорилго нь сонгуульд орох, үүгээр дамжуулж төрийн эрхт оролцох. Улс төрийн намууд сонгуульд оролцох бэлтгэл ажлаа хийж байна. Ер нь боломж байгаа учраас сонгуульд орно. Сүүлийн 34 жил Монгол Улсыг хөгжүүлэх төрийн бодлого байсангүй. Хэтэрхий задгайрсан, хаалтгүй, явцгүй задгай байдалтай явж ирлээ. Бидний зорилго бол сонгуульд оролцож, парламентад суудалтай болж бүлэг байгуулах зорилго тавьсан.  Яагаад сүүлийн 34 жил Монгол Улс хөгжсөнгүй вэ гэхээр сүүлийн 34 жил маш их хариуцлагагүй, эрх зүйт биш, Монголыг  хөгжүүлье гэх хар хайрцагны бодлогогүй явж ирлээ. Үүнээс болж хөгжлийн бодлогоо алдаж, хойш ухарсан.

-Томсгосон тойргоор сонгуулийг явуулах нь улс төрд танигдаагүй шинэ улс төрчдөд халгаатай мөнгөний сонгууль явна гэх шүүмжлэл байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг  хэрхэн харж байна?

-Сонгуулийн хууль батлах явцад бид мөнгөний сонгуулийг хуулиар хориглох  ёстой гэж ярьж байсан. Гэвч парламентад суудалтай МАН , АН-ынхан тэр чигт нь мөнгөний сонгууль болгон баталлаа. Хэдэн тэрбумаар зарцуулагдах болж байна. Ард түмний хандивын мөнгийг өөрсдөө их хурлын  гишүүн гэх нэр томъёон дор буруу замаар ашиглах гэж байна. Монголын ард  түмэн сонгууль гэж юу вэ, яаж явагддагийг ойлгосон байх. Сонгуулиар гарч ирсэн хүний үндсэн үүрэг бол хууль санаачлах.  Их  хурлын гишүүн гэдэг тэр танхимд очоод зүгээр хашгираад байх биш монголын ирээдүй, тусгаар тогтнол, хойч үеийн гэрэлт ирээдүй нийгмийг цогцлоох,  эрх зүйт орчинг бий болгох үндсэн үүрэгтэй. Энэ хүмүүсийг монголчууд энэ удаагийн сонгуулиар олж харна гэдэгт итгэлтэй байгаа.

-Үндэсний аудитын газраас сонгуульд оролцохоор материалаа өгсөн намуудын мөрийн хөтөлбөрийг буцаасан. Танай намын  мөрийн  хөтөлбөрт ямар дүгнэлт өгсөн бэ?

-Үндэсний аудитын газраас  бүх намын мөрийн  хөтөлбөрийг буцаасан. Энэ бол Үндэсний аудитын  газрын шоу  гэж харж байгаа. МАН, АН-ын аль нэг намын захиалгаар манай байгууллага ажиллаж байна гэж харагдах л гэсэн шоуны хэлбэр. Яагаад тэгж харж байна гэхээр “Алсын хараа -2050” хөтөлбөр гэж байгаа. Энэ 2050-аас намуудын мөрийн хөтөлбөрийг хэтрүүлж болохгүй гэсэн зүйлийг сонгуулийн хууль шиг баталчихаад бидэнд шахаж байна. Тэгэхээр сүүлийн 34  жилд МАН, АН-ын гаргаж ирсэн бичиг баримт хүчин төгөлдөр юм, гайхалтай юм гэдгийг харуулах л гэсэн шоу.

Бусад нам  яагаад тэр хөтөлбөрөөс  давуулсан, Монголыг хөгжүүлье гэсэн мөрийн хөтөлбөр оруулж болдоггүй юм. Жишээлбэл манай нам  хүний хөгжлийн  индекс одоо дэлхийд 96 байгааг 92 руу  оруулж ирье  гэсэн чинь болохгүй ээ гэсэн. 96-аас бууруулж болохгүй ээ л гээд байна. Мөн  Монгол Улсын  хүний үнэ цэн, үнэлгээний тухай бид оруулж ирсэн.  Монгол хүний  үнэ цэн  дотоодод ч алга, гадаадад ч алга. Гэтэл үүнийг болохгүй ээ гээд буцаах жишээтэй. Монголын ард түмэн байгалийн баялгаа эрх тэгш хамгийн  багадаа 51:49 хувиар хүртье, хот тосгодыг  хөгжүүлье гэхэд болохгүй ээ гэдэг. Парламентад суудалгүй  намууд  илүү хүчирхэг хөтөлбөр  оруулаад ирж байна. Нэгэнт буцсанаас бид энэ талаар эргэж уулзаж, хуулийн  хүрээнд мөрийн  хөтөлбөрөө боловсруулах талаар  ярьж байна.

Бид “Хүчирхэг монголыг бүтээнэ” гэсэн уриатайгаар орж байгаа.

-Эмэгтэйчүүдийн улс төр дэх манлайллыг 70/30 гэж хуульчилсан. Танай намаас хэдэн хүн нэр дэвших вэ. Нэр дэвших эмэгтэйчүүд квотдоо хүрч байна уу? 

-Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон.  Улс төрийн  намын тухайд намын  шийдвэр гаргах түвшинд 40 хувь эмэгтэйчүүд гэх бодлогыг бид  хэрэгжүүлж байна. Бид  126 хүн нэр дэвшүүлэх зорилт тавьсан. Улс төрийн намын  тухай хууль болон сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн оролцоо 30 хувь гэж жендерийн харьцаа оруулсны дагуу нэр дэвшигчдээ бүрдүүлээд явж байгаа.