Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.04.15 12:04
1401
“Нүүдэлчин агро ферм” ХХК олон улсын стандартад нийцсэн сүүний кластер фермийг хөгжүүлж байна

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Баттөгс оролцож байгаа бол зочин хөтлөгчөөр “ХААИС”-ийн  “Мал Аж Ахуй, Биотехнологийн сургууль”-ийн захирал, Д.Гүрбазар оролцлоо.

“Нүүдэлчин агро ферм” ХХК нь монголдоо шинэ технологи, инновацыг нутагшуулан  хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд чухал нөлөөллийг үзүүлж, түүхийн шинэ эхлэлийг тавьсан юм. Тэдний бүтээн байгуулалтаас дурдвал эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сүүний кластерийн цогцолбор төслийг хэрэгжүүлэн анх 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын голд 400 үнээний сүүний кластер ферм байгуулжээ. Түүний дараагаар 2020 онд Төв аймгийн Аргалант сумын Жирэмд  480 үнээний сүүний кластер фермийг тус тус ашиглалтад оруулан амжилттай хэрэгжүүлээд байна. Мөн 2023 онд Төв аймгийн Баянхангай суманд 240 үнээний сүүний кластер гурав төслийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Сүүний кластер цогцолбор ферм тус бүр нь Европ стандартын 40 үнээний фермийн барилга болон фермерчийн амины сууц, автомат цахилгаан саалтуур, CIP болон хөргүүр сэлүүр бүхий сүүний танк, тэжээл холигч, автомат услуур зэргийг суурилуулан бөгөөд цахилгаан дэд бүтцэд холбогдсон, фермийн эзэмшлийн 10-15 га газар, гүний худаг, талбайн хашаажуулалт зэргийг цогцолбороор нь шийдэж “АПУ Дэйри" ХХК болон “Хаан банк”-тай хамтран тус бүтээн байгуулалтыг хийжээ.

Сүүний кластер фермийг хөгжүүлснээр нэг цогцолбор фермийн 400 үнээнээс жилд 1,220,000 литр сүү, нэг үнээнээс өдөрт дунджаар 20 литр сүү авах боломжтой бөгөөд жилийн 4 улиралд буюу 305 хоног саальд хамрагддаг гэдгээрээ маш том давуу талтай юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Баяндэлгэр болон Аргалант кластерийн ферм ашиглалтад орсноор нийтдээ 3,376,213 литр сүүг үйлдвэрт бэлтгэн нийлүүлж 5 тэрбум төгрөгийн орлого олсон амжилттай ажиллаж байна.  

Ийнхүү “Нүүдэлчин агро ферм” компани нь чанар, эрүүл ахуйн ахуйн шаардлага хангасан сүүний тогтвортой нийлүүлэлтийг бий болгох эхлэлийг тавьж, эх орондоо олон улсын стандартыг хангасан жишиг фермийг амжилттай байгуулан малчин дундаж давхаргыг бий болгоход асар чухал нөлөө үзүүлж байна. Мөн өндөр ашиг шимт саалийн үнээний сүргийг нэмэгдүүлэх зорилготойгоор өсвөр үхрийн аж ахуйг хөгжүүлэн салбартаа шинийг санаачлан, манлайлан ажиллаж байна.