Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.04.15 13:42
1441
Р.Батболд: 8 жил эрх барьсан нам нь өөрөө дундаж давхаргагүй болчлоо гэж яриад байгаа нь утгагүй асуудал

Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндэсний аудитын газраас бүх нам эвслийн мөрийн хөтөлбөрийг буцаасан. Гол шалтгаан “Алсын хараа 2050”-тай нийцээгүй гэгдэж байна. Танай намын хувьд мөн тэр шалтгаанаар буцсан уу. Ер нь аль ч улс орон урт хугацааны бодлоготой байдаг. Намууд тэрхүү урт хугацааны бодлогод нийцсэн мөрийн хөтөлбөр боловсруулж болдоггүй юм уу?

-Тиймээ, манай намын мөрийн хөтөлбөрийг мөн “Алсын хараа 2050”-д зарим зүйл заалтыг нийцүүл гэж буцаасан. Бүх намууд 2050-д нийцүүлнэ гэхээр эрх барьж байгаа намын урт  хугацааны бодлогод нийцүүлээд явах болж байна. Аль ч улсад урт хугацааны бодлого байх ёстой. Гэхдээ “Алсын хараа 2050” урт хугацаандаа авч явах, мөрдөх бодлогын баримт бичиг болж чадсан уу үгүй юу гэдэг нь өөрөө  асуудал. 2050 он хүртэл дахиад 26 жилийн хугацаанд уг бодлогод тусгаагүй шинэ  юм хэрэгжүүлж болохгүй юм уу.

-Бусад намууд мөн  ажлын байр, мөнгө  амласан заалтаас болж буцаагдсан гэж байсан. Танай намын мөрийн хөтөлбөрт ийм амлалт байсан уу?

-Манайх мөнгө амлаагүй ч малчдад урамшуулал олгоё гэсэн заалт байсан. Тэр заалтад  мөнгөн дүн тавьсан байснаас болохгүй гэсэн. Мөн орон сууцаа зарсан тохиолдолд хоёр хувийн үл хөдлөхийн татвар авдгийг үнэ төлбөргүй эсвэл хямдралтай үнээр шилжүүлэх гэж оруулсан байсан нь болохгүй гээд буцаагдсан.

-УИХ-ын шинэчилсэн хуулиар танигдаагүй улс төрчдөд гарах боломж тааруу байна. Тойргийг томсгосноос мөнгөний сонгууль болох нь гэж хүмүүс үзэж байгаа. Та юу гэж харж байна?

-Хувь хүн талаас ярихад төр өөрөө сонгуулийн хуулиар тойрогт зарцуулах ёстой мөнгөний дээд хэмжээг бүс бүсээр зааж өгсөн. Нэг тойрогт тухайлбал дээд тал нь 1,5 тэрбум төгрөг гээд.

 1,5 тэрбум төгрөгийг ямар хүн цуглуулсан байх вэ. Жирийн ажлаа хийгээд явж улсыг хөгжүүлэх юм сан гэж байгаа инженер, багш нар улсын бодлого зангидах ёстой юм байна шүү гээд яриад байдаг. Гэтэл тэр хүмүүст мөнгө байхгүй бол яаж өрсөлдөх юм бэ.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байгаа. Сонгуулийн хуультай нь аваад үзвэл хотын дүүргүүд дан дангаараа байгаа. Хотод бол сурталчилгаа хийгээд явж болно. Гэтэл баруун талд дөрвөн аймгийг нийлүүлээд адилхан 18 хоног сурталчилгаа хийнэ гэж байгаа. Яаж хүнд танигдах вэ, яаж мөрийн хөтөлбөрөө хүнд хүргэх юм. Цаг хугацааны хувьд боломжгүй болчихож байгаа юм. Намын хувьд бид ийм бодлого баримтлах гээд байна гэхээр тэр 18 хоног хүрэх юм уу. Нэр дэвшигч нар өөрсдөө хүрч чадахааргүйгээр тойрог томсорсон. Иргэд зөв сонголт хийх боломж маш бага харагдаж байна. Энэ хоёр нам бол арай их хувааж идээд байна, шоудаад эхэлдэг гэж өөрсдөө дүгнэлт хийж өөр сонголт хиймээр байгаа юм. Үүний тулд иргэд  одооноос дүн шинжилгээ хийж, намууд хүмүүс юуны төлөө яваад байна вэ гэдгийг харах л хэрэгтэй байна.

-Эрх баригч болон сөрөг хүчин бодлогоор өрсөлдөхгүй байна гэх шүүмж их явж байна л даа. Хөндлөнгөөс харахад яаж дүгнэх вэ?

-100 хувь барууны, 100 хувь зүүны гэх боломжгүй л дээ. Манай баруун, зүүний бодлого холилдсон байдаг. Миний бодлоор гаднаас заавал баруун, зүүний гэхгүйгээр манай улс тархай бутархай том газар нутагтай, нүүдлийн соёлтой үүнтэй уялдсан  бодлого байх ёстой гэж боддог. Нүүдлийн аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг хаялгүйгээр яаж бүгдийг нь ашиглах вэ гэдгээс эхлээд бодлогоор боловсруулах ёстой. Мөн хууль хүн бүхэн тэгш үйлчлэх ёстой энэ л хамгийн түрүүнд хэрэгжих ёстой. Үндсэн хуульд үг хэлэх эрх чөлөөгөө бид эдэлж чадахгүй байна. Яагаад чөлөөтэй жагсаал цуглаан  хийж болдоггүй юм. Монгол Улс муу хуультай орон биш. Гол нь хэрэгжүүлж, тэгш үйлчлэх л ёстой.

-Эрх баригч намын мөрийн хөтөлбөрт иргэд аудитын газраас дүн тавьж байна. ҮАГ-аас 73 хувийн хэрэгжилттэй гэж гарлаа. Үүнтэй та санал нийлэх үү?

-Судалгааны дүнгүүдийг харж байна. Иргэд өөрсдөө эрх баригчдад дүнгээ тавьчих байлгүй дээ. Хоёр сонгуулийн жил буюу 8 жил засаг барьчихаар сүүлдээ хүн төөрөгдүүлээд байгаа юм шиг бүлгийн дарга нь “Үгүй шдээ наадах чинь 2016 оны мөрийн хөтөлбөр байна” гээд яриад байж болохгүй л дээ.

2016 оных тэгвэл биелээгүй байхад яагаад 2020 онд сонгогдсон юм бэ гэдэг гайхалтай.

Мөрийн хөтөлбөр нь биелээгүй байхад наадах чинь өмнөх мөрийн хөтөлбөр байсан юм гээд ярьж суудаг эрх баригч байж  болохгүй л дээ.

-Орон нутгийн иргэдэд бодлого, мөрийн хөтөлбөр нь бүрэн хүрч чадах уу үгүй юу гэдэг

-Бид өнөөдрийн нөхцөл байдал, амьдралын чанараа сайжруулъя гэж бодож байвал  ямар нэг өөрчлөлт хийх ёстой. Энэ байдлаараа яваад байвал улам л муудна. Одоо бүр ангийн ялгаралтай болж дундаж давхаргагүй боллоо. 2016 онд 48 хувь байсан дундаж давхарга 16 хувь болж буурчээ. 16 хувь гэдэг бол байхгүйгээс ялгаагүй. Гэтэл 8 жил эрх барьсан нам нь өөрөө ингэж яриад гайхаад байгаа нь утгагүй асуудал. Эд нар бодлогоор юм уу ямар нэг байдлаар улсыг хөгжүүлж чадахгүй нь үүгээс харагдаж байна. Гадагшаа явж ажиллаж байгааг хүмүүс болоод байна л гэж бодоод байдаг. Гэтэл гадагшаа явсан хүмүүсээ үлдсэн хүмүүс нь зулгааж амьдраад байгаагаа болоод байна гэж боддог. Энэ чигээрээ явбал Монгол Улс сүйрэл рүүгээ л явж байна. Үүнийг засч, өөрчлөх хэрэгтэй.  

-Танай нам парламентад суудалтай болвол энэ гажуудлыг засч чадах уу?

-Бодлогын гажуудлыг засах гэж л сонгуульд орж байгаа.  Эдийн засгаа арай өөр хэлбэрээр хөгжүүлж үзэх хэрэгтэй. Төрийг сүйрүүлэийнтулд гурван зүйлийг л байхгүй болгоход төр байхгүй болж, улс нь унана гэдэг. Тэр гурав нь нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравт хүчний байгууллага юм. Манайд боловсрол гэж байхгүй , боловсролын түвшин  муу боллоо. Арван жилийн хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар бид азийн орнуудаас 2,5 жилээр хоцорсон явж байна. Уншиж ойлгох чадвар байхгүй болсон байна. Эрүүл мэндийн асуудал хаягдаж, хорт хавдраар азид дэлхийд дээгүүрт явж байна. Сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг харахаар бүр хэцүү харагдаж байна. Цагдаа, хүчний байгууллага нь дандаа эрх баригчдаа хамгаалдаг. Гэмт хэрэг гаргахгүй байх талаас нь биш эрх баригчдын даалгавраар шууд хорьдог хаадаг цагддаг байдал бий боллоо. Улсыг тогтоодог төр өөрөө байхын тулд энэ гурван бодлогын асуудлыг өндөрт тавьж байх ёстой.