Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.15 15:14
527
Тээвэрчин П.Баярхүү: Нүүрс тээвэрчдийг ажилтай орлоготой болго, цалин нэм, бодлоготой бол

Нүүрс тээврийн үнэ унаснаас үүдэж, тээвэрчдийн цалин багассан. Энэ нь тэдгээр тээвэрчдийн амьдралд шууд нөлөөлж, эхнээсээ өр зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Иймээс тэд өнөөдөр чуулга уулзалт хийж, асуудлаа хэлэлцэж байна. П.Баярхүү “25 мянган тээвэрчин нүүрсний салбарт холбогддог ч 100 мянга гаруй хүн энэ салбараас хоолоо залгуулдаг. Цалингийн, бизнесийн зээлтэй иргэд маш их байдаг. Хүнд даацын автомашиныг зээлээр авсан иргэдийн тоо  2024 оны байдлаар 3000  байна.

Нэг л жишээ ярихад цалингийн  зээл аваад нүүрс тээвэрлээд явж байтал нүүрсний үнэ унаснаас үүдэж тээвэрчдийн цалин багассан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрч, бүр эрэн сурвалжлагдсан. Сүүлдээ шүүх рүү шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс одоогийн байдлаар хилийн хориг тавьсан.  Миний ажил уг нь цагаад хаднаас нүүрсээ  хил гаргаж, гэр бүлээ тэжээдэг. Дотоодын тээвэр зогссон үед экспорт хийж чадахгүй хилийн хориг тавиулчихсан. Гэртээ харихаар гэрээр дүүрэн банкны мэдэгдэл , эхнэр одоо салж сарних дээрээ тулаад байдаг.

Банкны зээлтэй иргэд хоёр сар гаруй зээлээ төлж чадаагүй. Өмнө нь ковидын үеэр зээлийн гэрээ шинэчилж сунгаж байсан учраас дахиж сунгах боломжгүй байдаг юм байна.  Зээлийн эдийн засагч маань ярихаараа “Та машинаараа банкны журмын хашаанд битүүмжлүүлсэн нь дээр,  тэгж байгаад ярилцъя” гэдэг. Гэтэл Улаанбаатар орох хүртэл сая төгрөгийн түлш хийнэ. Одоо би яах вэ. Ажилтай болох боломж байна уу, зээлээ төлөх боломж байна уу миний хувьд арга мухардаад байна. Арга олоод өгөөч ээ. Одоогоор 500 байгаа тээвэрчний асуудал сарын дараа 1000 болно. Хоёр сарын дараа 2000 жолоочид хөрөнгийн болон эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал үүснэ. Хэлэлцүүлэгт зүгээр зовлон тоочоод өнгөрөх биш 3000 айлын зовлон нимгэлэх гуравхан хүсэл байна. Нэгдүгээрт ажилтай орлоготой болгоё,  тээврийн цалин орлогыг нь амьдрал ахуйд нь хангалттай хүрэлцэхүйц болгоё. 3000 иргэний шалаанз буюу 600 тэрбум төгрөгийн өр зээлтэй хүмүүс рүү чиглэсэн бодлоготой болох шаардлагыг тавьж байна” гэлээ.