Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 10:43
983
АХХ-ны IV Их хурал ирэх тавдугаар сарын 10-нд болно

Ардчилсан хүчний холбооны (АХХ) Удирдах зөвлөл өнгөрсөн Лхагва гарагт хуралдан ирэх 5-р сарын 10-ны өдөр IV их хурлаа хуралдуулахаар тогтжээ.

АХХ нь IV Их хурлаараа улс төрийн томоохон шийдвэрүүд, мэдэгдлүүдийг гаргахаар төлөвлөж байна гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Тус холбооны анхны тэргүүнээр АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-гишүүн Д.Ганхуяг нар ажиллаж байсан. Одоо АХХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ, холбооны Гүйцэтгэх захирлаар АН-ын Гадаад харилцааны газрын даргаар ажиллаж байсан ҮБХ-ны гишүүн Б.Баттулга ажилладаг. АХХ-ны Удирдах зөвлөлд АН-ын дэд дарга, УТЗ-ийн гишүүд, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон улс төрд нөлөө бүхий эрхмүүд ажилладаг.

АН-ын дүрэмд зааснаар ҮБХ-ны 504 гишүүнтэй байх ёстой ч өнөөдрийн байдлаар 434 орчим нь хүчин төгөлдөр гэж үздэг. Үүнээс одоогийн байдлаар 90 орчим гишүүд нь АХХ-нд харьяалагддаг.

Эндээс үзвэл АН-ын ҮБХ-ны гишүүдийн 20 орчим хувийг эзэлдэг гэсэн үг. Тус холбоо нь АН дотроо томоохон фракцад тооцогдсоор ирсэн. АХХ-ны шинэчилсэн дүрмийн дагуу нийслэл болон орон нутагт салбар зөвлөлүүдээ шинэчлэн байгуулах ажил өрнөж байна. Мөн энэ жил тус холбооны 15 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой ба өнгөрсөн саруудад нийслэлийн агаарын бохирдол, утааны хор хөнөөл Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, амь явах үндсэн хуульд заасан эрхэд халдаж байна гэж үзэж Засгийг газрыг Үндсэн хуулийн цэцэд өгч, хэд хэдэн хэвлэлийн хурал, мэдэгдлүүд хийж байсан ба мөн Үндэсний эрх чөлөө, Ардчилал Хүний эрхийн уулзвар сэдэвт хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд хийж иржээ.