Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.04.16 11:24
1266
Д.Нямдаваа: Бидний боломжийг хулгайлсан шигээ ирээдүй болсон хүүхдүүдийн минь боломжийг битгий хулгайлаасай

Иргэн Д.Нямдаваа “Ийм  нийгэмд хүүхдүүдээ үлдээмээргүй байна” гэх уриа лоозон барьж талбай тойрч байхтай нь таарсан юм.  Зөрж өнгөрөх хүмүүс түүний лоозонг сониучирхан харах, Төрийн ордны хамгаалагчид зураг хөргийг нь гар утсаараа авч байгаа харагдлаа. 2022 оноос хойш  эсэргүүцлээ илэрхийлж, лоозон бариад нийгмийн эд эс болоод явж байгаа  түүнээс юуны төлөө, юунд  хүрэх гэж явж байгааг нь тодрууллаа.

-Уриа лоозон барьж яваад, эсэргүүцлээ ганцаараа илэрхийлээд удаж байна шүү дээ. Юуг өөрчлөхийг хүсч байна?

- Би 2022 оны 12.4-нд анх нүүрсний жагсаалаас эхлэн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Бидний боломж бололцоог хулгайлсан хулгайчдад хариуцлага тооцоосой. Бидний боломжийг хулгайлсан шигээ ирээдүй болсон үр хүүхдийн минь боломжийг битгий хулгайлаасай гэж хүссэндээ уриа лоозон бариад явж эхэлсэн. Нийгэм маань ядуурал ихтэй, гэр хороололд амьдрал хэцүү байна шүү дээ. Хүн бүр өр шир, өвчин зовлонтой ийм нийгэмд үр хүүхдүүдээ үлдээмээргүй байна. Эрүүл тайван орчинд, цалингаа аваад амьдралд нь хангалттай хүрэлцдэг нийгэмд үр хүүхдээ үлдээмээр байна. Боловсрол мэдлэггүйгээсээ болж ирээдүйд сайхан боломжоо алдаж байгаа хүн олон байна. Тэр хүүхдүүдийн амьдралыг, гэр хороолол дахь амьдралыг өөрчлөхийг хүсч байна.

-Өөрийн чинь хувьд хэдэн хүүхэдтэй , ямар ажил мэргэжилтэй вэ?

-Би 5-13 насны таван хүүхэдтэй. Өнөөдөр сая төгрөгийн цалин аваад 4-5 хүүхэдтэй амьдарч чадах уу. Яаж хоололж, хүүхдүүдээ яаж хувцаслах вэ.  Хүүхдүүддээ ийм нийгэм үлдээмээргүй байгаадаа ингээд явж байна.Зөвхөн надад тулгараад байгаа асуудал биш нийгмийн хэцүү байдал нийтлэг дүр төрх л дөө. Би л нийгмийн нэг хэсэг нь болж үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж байгаагаас биш миний ард хэлж чадахгүй явж чадахгүй олон эцэг эх бий байх. Гэр хороололд ядуурал гэж зүйл ямар их байна. Идэх хоол, өмсөх хувцасгүй гэр бүл хэчнээн их байна. Эцэг эхчүүдийн хувьд амьдрах хүсэлгүй ч  өнөөдөр үр хүүхдээ аятайхан нийгэмд үлдээх юмсан, сайн сайхан нийгмийг үлдээх юмсан гэж л  бодож явдаг байх. 

-2022 оноос хойш хийсэн тэмцэл нь хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу?

-Одоохондоо эсэргүүцэл хүрэх ёстой хүмүүстээ хүрэх цаг хугацаа нь болоогүй юм болов уу,  хүрээгүй л гэж бодож байна. Хүрсэн бол хүмүүс “Яагаад ийм зүйл бариад өдөр бүр яваад байна” гэж бодох л байсан. Бидний  төлөө ажил хийнэ гээд гарсан хүмүүс хүнийхээ эрхийг дээдэлдэг байсан бол “Энэ хүн яагаад ингээд яваад байна,  яах гээд юунд хүрэх гээд байна” гээд гарч ирж ядаж нэг уулзах байсан байх.  

-Өдөр бүр явж байна уу. Ажил төрлөө яаж зохицуулэ байна?

-Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ар гэрийн амьдралаа бас  зохицуулахгүй бол болохгүй байснаас сүүлийн 4,5 сар завсарласан. Одооноос дахиад явж эхэлж байна. Өдөрт хоёроос гурван цаг явахдаа төрийн ордныг гурван удаа тойроод төв талбай, шуудан дээр барьж зогсдог. Болж бүтэхгүй зүйлийг засч байж л бид урагшилна.

-Таны энэ үйлдлийг сонгуультай холбон харах хүн цөөнгүй бий?

- Үр хүүхдийнхээ төлөө л энийг бариад явж байгаагаас биш сонгуультай огт холбоогүй шүү дээ.  Харин сонгуульд залуус саналаа сайн өгөөсэй гэж хүсч байна. Өөрсдийнхөө ирээдүй, хүсэл мөрөөдлийн төлөө  саналаа өгөөсэй гэж найдаж хүлээж байна.

-Өөр хүмүүс тантай хамтаръя, нэгдэе гэж байна уу?

-Нэгээс дээш хүн болохоор хууль бус жагсаал цуглаан болчихдог юм байна лээ.  Одоохондоо ганцаараа явж байна. Надтай ижил үзэл санаа бодолтой олон эцэг эх бий байлгүй дээ.  Гэхдээ яг нэгдье гэсэн хүн ч алга, харин зөв гээд дэмжих хүн байна.