Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2024.04.16 11:24
532
Монгол орны ховор ан амьтдын тоо цөөрч, сүйрлийн ирмэгт ирлээ

Жил ирэх тусам Монгол орны ховор ан амьтдын тоо цөөрч, сүйрлийн ирмэгт ирж байна.

1985 онд Монгол улсад 60 мянган аргал байсан бол 15 жилийн дараа 15 000 болтлоо цөөрсөн байна.

15-хан жилийн дотор дөрөв дахин цөөрсөн учир устаж болзошгүй гэж үнэлэн, Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар Монголд гаргасан “Улаан ном”-нд оруулж байв.

Гэсэн хэдий ч бид ховор ан амьтад агнах зөвшөөрөл өгч байгаль, ан амьтдаа хамгаалах төсвөө бүрдүүлдэг.  

Аргалийг алтайн болон говийн гэсэн хоёр бүст хувааж, агнах тусгай зөвшөөрлийг иргэдэд олгодог байна. Говийн угалзыг агнахын тулд 9,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 30,600,000 төлбөр төлж байж лиценз авдаг бол Алтайн угалзын лиценз 18,000 ам.доллар буюу 61,200,000 төгрөгийн  үнэлгээтэй байдаг.

Монгол улсын Засгийн газраас 2024 онд нийт 70 угалз, 115 тэх, 65 халиун буга, 142 цагаан зээр, 8 бор гөрөөс, 21 зэрлэг гахай, 11 саарал чоно, 4 хүрэн баавгай, 50 агнуурын шувуу агнах тусгай зөвшөөрөл олгожээ.

Ховор ан амьтан агнасан төлбөрийн 50 хувийг Байгаль орчин уур амьсгалын санд, үлдсэн 50 хувийг  тухайн орон нутгийн дансанд шилжүүлдэг. Нийт төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл энэ мөнгө хэрхэн зарцуулагдсан нь тодорхой бус байгаа юм.